Мобиком Корпораци ХХК дараа төлбөрт үйлчилгээний барьцаа төлбөрийг ярианы төлбөрт суутгаж эхэлжээ.
Үүрэн телефон холбооны оператор компаниудын дараа төлбөрт үйлчилгээг сонгосон иргэдээс барьцаа төлбөр авдаг боловч уг мөнгөний үр шим нь иргэдэд хүрдэггүй, тус үйлчилгээнийхээ мэдээллийг олон нийтэд ил тод байлгадаггүй нь иргэдээс маш их гомдлыг дагуулж байсан. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дараа төлбөрт үйлчилгээний барьцаа мөнгөнд хүү тооцох, барьцаа төлбөрийг ярианы төлбөрт суутгах замаар чөлөөлүүлэх ажлыг үүрэн холбооны оператор компаниудтай ярилцаж шийдвэрт хүрсэн юм. Энэ ажлын хүрээнд үүрэн телефон холбооны оператор компаниуд нийт хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулан үе шаттайгаар барьцаа төлбөрийг чөлөөлөх ажлуудыг хийж байгаа юм. Тухайлбал, "Мобиком Корпораци" ХХК дараа төлбөрт үйлчилгээг 10-аас дээш жилийн хугацаанд ашиглаж байсан хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг 2012 оны 11 дүгээр сараас эхлэн шат дараатайгаар буцаан олгож эхэлсэн ба хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг үндэслэн шалгуур үзүүлэлтээ буулгаж 6-н жилээс дээш хугацаанд ашиглаж байгаа, тодорхой нөхцөл хангасан, найдвартай хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг ярианы төлбөрт суутгах замаар чөлөөлж эхэлсэн байна. Тус компани нь 2013 оны 9 дүгээр сарын байдлаар дээрх шаардлагыг хангасан 9603 хэрэглэгч байгаагаас одоогоор 3885 иргэний 326 сая төгрөгийн барьцааг чөлөөлөөд байгаа тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт албан ёсоор мэдэгдлээ.
Б.Туул