logo
Энэ онд яаралтай тусламжийн чиглэлээр 30 эмчийг нэг сарын хугацаатай БНСУ-д сургана

Энэ онд яаралтай тусламжийн чиглэлээр 30 эмчийг нэг сарын хугацаатай БНСУ-д сургана

2013/10/04
Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний шинэчлэл” үндэсний зөвлөгөөн 2013 оны 10 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Эрүүл мэндийн яам дээр болж байна.

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд Н.Удвал үг хэлж, зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ.

Тэрээр Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн нэг чухал асуудал бол Яаралтай тусламжийн үйлчилгээг үр дүнтэй бүтэц зохион байгуулалтад оруулах, менежментийг сайжруулах, техник, багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх замаар олон улсын жишиг рүү ойртсон нэгдсэн тогтолцоог бий болгох явдал гэдгийг цохон хэлэв.

Түүнчлэн Монгол Улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны дотор яаралтай тусламж шаардлагатай цусны эргэлтийн тогтолцооны өвчин, осол гэмтэл ордог. Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдан дуудлагын тоо жилээс жилд нэмэгдэж, дуудлагын хүлээгдлийн хугацаа төдийлөн буурахгүй байна.

Ийм ч учраас өвчтөн, үйлчлүүлэгчдийг эмнэлэг хооронд явуулж чирэгдүүлж байдаг хүнд суртлын тогтолцоог халахын тулд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн дэргэд яаралтай тусламжийн тасаг, нэгжийг шинэчлэн байгуулах, нийслэлийн хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт яаралтай тусламжийн нэгж байгуулах, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд тэдний дотоод нөөц бололцоонд нь тулгуурлан дүүргийн хүн амд осол гэмтэл, хавдар, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлуудыг зохион байгуулж байгааг хэллээ.

Тэрээр цааш хэлэхдээ өвчтөнд эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн шуурхай, зөв үзүүлснээс өвчтөний амь насыг аврах, цаашдын хувь тавилан хамаардгийг та бид мэднэ. Нөгөө талаар эрүүл мэндийн салбар бусад бүх салбараас эрс ялгаатай ба худалдаа арилжааны зорилго агуулдаггүй, зөвхөн эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг авч явдаг өөрийн гэсэн онцлогтой, хэн бүхэнд хамаатай салбар юм. Хүний эрүүл мэнд, амь нас гэдэг бол бүхнээс илүү эрхэм, мөнгөн дүнгээр үнэлэх бололцоогүй тийм үнэтэй нийгмийн эд баялаг билээ. Хүн ард маань оюун ухаан, бие махбодийн хувьд эрүүл саруул байж хэмээн улс орон илүү хөгжинө гэсэн юм.

Сайд эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн асуудлыг гардан хариуцан ажилладаг эмч, сувилагч, жолооч гээд мэргэжлийн хүмүүс хэлэлцэж байгаа анхны зөвлөгөөн гэдгийг онцоллоо.

Уг зөвлөгөөнөөр эмнэлгийн эрүүл мэндийн салбарын бүхий л шатанд яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний шинэчлэлийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Түүнчлэн эмнэлэг хүртэлх болон эмнэлэг дэх яаралтай тусламжийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад орчин үеийн мэдээлэл холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж байгаа болон нүүдлийн эмнэлэг, түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглаж байгаа С, В зэрэглэлийн автомашинуудыг үзүүлж танилцуулах юм байна.

Мөн Япон, Финлянд зэрэг орнуудын түргэн тусламжийн үйлчилгээний тогтолцоо мэдээлэл, туршлагаас суралцана. 10 дугаар сарын 5-7 ны өдрүүдэд Финлянд улсын эмч мэргэжилтнүүд нислэгийн үед үзүүлэх яаралтай тусламжийн чиглэлээр манай эмч мэргэжилтнүүдэд 3 хоногийн сургалт явуулах аж.

Зөвлөгөөнд нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, бусад салбаруудын 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.

ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ БОЛОН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ-ийн хүрээнд дараах томоохон ажлуудыг хийгээд байна. Үүнд:

  • Эрүүл мэндийн сайд ЭМЯ-ны Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн Ерөнхий мэргэжилтнийг томилж, мэргэжлийн салбар зөвлөл шинээр байгуулж,  яаралтай болон түргэн тусламжийн асуудлыг бие даасан шинжлэх ухааны түвшинд нь авч үзэж олон улсын жишигт хүргэх зорилтыг тавин ажиллаж байна
  • Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд Яаралтай тусламжийн тасгийг ажиллуулж, нэгжийн үлгэрчилсэн журам батлагдав  
  • Үндэсний түргэн тусламжийн сүлжээ хөтөлбөрийг зохицуулах зөвлөлийг Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулан байгуулан ажиллаж байна  
  • Эмнэлэг хүртэлх болон эмнэлэг дэх яаралтай тусламжийг холбох, өвчтөний мэдээлэл дамжуулах, ЯТТ ийн бэлэн байдлыг хангах төсөл хэрэгжив 
  • 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 3 тэрбум төгрөгийн яаралтай тусламжийн нэн шаардлагатай багаж хэрэгсэл /зөөврийн рентген, ЭХО/-ээр хангах ажлын тендер явагдаж байна
  • Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр энэ онд яаралтай тусламжийн чиглэлээр 30 орчим эмчийг нэг сарын хугацаатай  БНСУ-д сургана
  • “Яаралтай тусламжийн шинэчлэл “стратеги 2013-2018 он төсөл 
  • ДЭМБ - ын санхүүжилтээр ЭМЯ-нд Шуурхай удирдлагын төвийг байгуулах, мөн ДЭМБ -ын “Эмнэлгийн яаралтай болон мэс заслын тусламжийн хамтын ажиллагааны анхны төвийг байгуулахаар ажиллаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш