logo
Алсын зайнаас удирдсан анхны мэс засал амжилттай болов

Алсын зайнаас удирдсан анхны мэс засал амжилттай болов

2013/10/05

Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч Чойжилжамц, Нарантуяа нар  мухар олгойн үрэвслийн хүндрэлээс болж хэвлийн хананд зориудаар гаргасан нүх битүүлэх, гэдэс залгах мэс заслыг телемедициний технологи ашиглан нийслэлээс өгсөн зөвлөгөөний дагуу хийсэн нь  амжилттай хэрэгжлээ.

Телемедициний нэгдсэн сүлжээг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор Л.Амгалан, Архангайн эмч нарын хийсэн мэс заслын үеэр нь шууд зөвлөгөө өгсөн юм. Монгол Улсад анх удаагаа алсаас удирдсан уг мэс засал нь хоёр цаг 30 минут үргэлжилсэн байна.

Манай улсын эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг ашигласан эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгээс ирсэн хүсэлтийн дагуу 75, яаралтай тусламжийн чиглэлээр 60 удаа төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд өгсөн байна.

Өргөн уудам газар нутагтай, хүн ам нь таруу байрласан, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд орчин үеийн зайны оношилгоо, эмчилгээний технологийг ийнхүү амжилттай нэвтрүүлж, улс орны хэмжээнд хөгжүүлэх боломж нээгдлээ. Орон зай, цаг хугацаанаас үл хамаарч иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг бага зардлаар хүргэж байгаа гэдгээрээ телемедициний технологи чухал ач холбогдолтой юм.

Д.Өлзий

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш