logo
Хог тээвэрлэлтийн тарифын нэмэгдлийг ажилчдын цалинд зарцуулна

Хог тээвэрлэлтийн тарифын нэмэгдлийг ажилчдын цалинд зарцуулна

2013/10/07
Нийслэлийн ИТХ-ын 09 сарын 26-ны ээлжит хуралдаанаар “Хог тээврийн тариф”-ийг шинэчлэн тогтоосон. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 2-р сарын 4-ний өдрийн 12 дугаар тогтоолоор хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн 1 тонн хог хаягдлыг 1 километрт тээвэрлэх зардлыг тогтоосон бөгөөд тус тогтоолоор 1 тонн ахуйн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг 1-10 км-т 1350төг, 11-20км-т 1300төг, 21-30км-т 1240төг, 31-40км-т 1200төг, 41-ээс дээш 1180төгрөг байхаар баталжээ.
Энэ тариф батлагдсанаас хойш шатахууны үнэ 50 хувиар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 75 хувиар өссөн нь цаашид бензин шатахууны үнийн өсөлт, цалин хөлсний нэмэгдэл, зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан хог тээврийн тарифийг шинэчлэн тогтоохгүй бол хог тээврийн үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд алдагдалд орох байдал үүссэнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдэгдсэн. Мөн хог тээврийн үйлчилгээний тухайн жилийн зардлыг тооцоход жилдээ хүрэлцэхгүй байгаагаас машин техникийн засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийх, парк шинэчлэлтийг бие даан шийдвэрлэх боломжгүй байдалд хүрсэн нь хуваарийн дагуу цаг хугацаандаа хог ачиж тээвэрлэх үйлчилгээ доголдоход хүрч, улмаар айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүд хогны машин ирээгүй гэсэн шалтгаанаар хог хаягдлаа ил задгай хаях, эзэнгүй хур хог, үүсмэл цэгүүд бий болох зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна гэж холбогдох албаныхан мэдээлсэн юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны саналын дагуу нийслэлийн ИТХ-ын 09 сарын 26-ны ээлжит хуралдаанаар хог тээврийн шинэчилсэн тарифыг 1 рейс буюу дунджаар 3,5тн хог хаягдлыг төвлөрсөн цэгт хүргэхэд гарах нийт зардлыг багтаан тооцож, тухайн дүүргээс төвлөрсөн хогийн цэг хүртэлх зайнаас хамааруулан дүүрэг бүрээс 1тн хог хаягдлыг тээвэрлэх зардлыг тооцож шинэ тариф баталлаа. Хог тээврийн үйлчилгээнд 10 сарын 01-нээс эхлэн шинэ тарифийг мөрдөх бөгөөд ажилчдын цалин, техникийн шинэчлэлтэд уг нэмэгдлийг голчлон зарцуулах юм. /Жич: Шинэчилсэн тариф болон цалингийн өсөлт, шатахууны өсөлт гарсан тохиолдолд хэрхэн өөрчлөгдөх талаар дараахи хүснэгтээр танилцуулъя/ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1.    Хог тээврийн үйлчилгээний тариф
Хогийн төвлөрсөн цэг хүртлэх зай 1км-т 1тн хог тээвэрлэх тариф /төг/
1-10 км 3,000
11-15 км 2,700
16-20 км 2,300
21-дээш км 1,800
 
1. Цалингийн болон шатахууны өсөлт гарсан тохиолдолд тарифыг дараах байдлаар өөрчилнө.
 
-  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхэд
   (Тариф х 0,35 х өсөлтийн хувь) +Тариф=Нэмэгдсэн тариф
 
-   Шатахууны үнийн өсөлт гарахад
    (Тариф х 0,24 х өсөлтийн хувь) +Тариф=Нэмэгдсэн тариф
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш