logo
Сурагчийн дүрэмт хувцас гомдол дагуулсан хэвээр байна

Сурагчийн дүрэмт хувцас гомдол дагуулсан хэвээр байна

2011/08/30
Жилийн жилд ЕБС-ийн сурагчдын эцэг, эхчүүд дүрэмт хувцасны чанар болоод загварын тухайд бухимддаг. Үнэхээр ч сурагчдад шахаж буй “Бат зүү” хэмээх компанийн сурагчийн дүрэмт хувцас нь бөөсөрдөг, индүүдлэг авдаггүй, нейлонон материалтай учраас хүүхдэд харшил өгдөг гэх мэт олон дутагдалтай байдаг.

Гэтэл энэ жил материалаа сайжруулсан гэх “Бат зүү” компани ЕБС-ийн сурагчдад дүрэмт хувцас нийлүүлж байна. Тиймээс ихэнх ЕБС-иуд сурагчдадаа 2011-2012 оны хичээлийн жилд “Бат зүү” компанийн үйлдвэрлэсэн дүрэмт хувцас өмсөхийг мэдэгдсэн байна. Үүний дагуу 100 айлд байрлах “Бат зүү” компанийн дэлгүүрээс худалдан авалт хийж буй сурагчид болоод эцэг, эхчүүдийн дүрэмт хувцасны чанарын талаарх сэтгэгдлийг нь сонслоо.

А.Долгорсүрэн: Ганц хоёр удаа өмсөөд оёдлоороо ханзарчихсан

-Манай хүүхэд энэ жил гуравдугаар ангид орно. Өнөөдөр сургуульдаа бүртгүүлэх гээд очсон чинь заавал “Бат зүү” компанийн хийсэн дүрэмт хувцасыг авч өмс гэсэн. Тэгээд л ирлээ. Дүрэмт хувцас нь 25 мянган төгрөг гэнэ. Манай хоёр хүүхэд 37 дураар сургуульд сурдаг. Нэг нь долоо, нөгөө нь наймдугаар анги. Өнгөрсөн жил тэдэнд тус бүр нь 33 мянган төгрөгийн үнэтэй “Бат зүү” компанийн дүрэмт хувцас авч өгсөн.  

Түүнийг хоёр жил өмсөх ёстой. Гэтэл аваад ганц хоёр удаа өмсөв үү, үгүй юү оёдлоороо ханзраад хачин муухай болчихсон. Чанар гэж ёстой авах юм алга. Худалдаж авсаныхаа дараа өөрсдөө дахиж давхарлаж оёхгүй л бол болохгүй юм билээ. Угаалт ч даахгүй. Одоо тэгээд хүүхдүүд маань яаж ийм болчихсон юмыг энэ жил дахиад өмсөх юм бэ гээд гомдоллоод байгаа.

Жил бүр 30,40 мянган төгрөгөөр нэг хүүхдэд дүрэмт хувцас аваад өгөх чадалтай эцэг, эхчүүд тийм олон байхгүй л болов уу. Миний бодлоор заавал дүрэмт хувцас гээд янз бүрийн хувцасаар жигдэрч байхаар хуучны орос форм байдаг шүү дээ. Түүнийгээ л өмсмөөр санагдаад байгаа юм. Энэ плать шиг хувцасыг нь өмсөхөд хүртэл их хэцүү шүү дээ. Гэтэл орос форм угаагаад индүүдэх тусам улам л шинэ болоод байх шиг л санагддаг юм. Хүүхэд ч гэсэн цэвэрхэн харагддаг.

Б.Болортуяа: Орос бор формыг угааж арчлахад амар байдаг
-Би 35 дугаар сургуулийн есдүгээр ангид сурдаг. Манай сургуулиас бидэнд “Бат зүү”-гээс формоо авч өмсөөрэй гэсэн. Тэгээд авах гээд иртэл таарах хувцас алга байна. Утсаар ярьж байгаад ир гэсэн. Үнэ нь 35 мянган төгрөг л юм байна. Надад бол үнэтэй л санагдаж байна. Манай сургууль уг нь өнгөрсөн жилийг хүртэл орос бор форм өмсөж байсан юм.

Орос формыг цэвэрлэж, арчлахад амар байдаг. Жилд нэг л удаа шинэ партик авчихдаг байсан. Харин “Бат зүү”-гийн хувцасны өнгө нь саарал болохоор хиртэй ч юм шиг харагдаад муухай юм. Мөн юбканы дээд тал нь резин болохоор онцгүй юм.

Д.Цэрэнням: Шинэ дүрэмт хувцасны оёдол нь бохир юм
Би 117 дугаар сургуульд сурдаг. Манай сургууль “Их шаглаа” компанийн дүрэмт хувцасаар жигдэрнэ гэсэн. Дүүгийн сургууль “Бат зүү”-гийн формыг өмсдөг л дөө. Тэгээд л хувцасыг нь сонирхоод үзье гэж бодоод ирсэн. Оёдлын утаснууд нь ил гарчихсан бохир оёдолтой санагдлаа. Би энэ жил формоо авахдаа жаахан томдуулаад авсан. Хоёр жил өмсөх гээд. Тэгээд юбка жаахан дээшлүүлээд, хүрмээ дотор талаас нь жаахан танаад өмсөнө дөө.

Эхний жилдээ муухай л харагдах байх. Харин дараа жил нь таараад аятайхан болно байх. (инээв) Тэгээд бас “Их шаглаа”-гийн юбка нь яг авгайн юбка шиг аймаар урт болохоор муухай харагддаг.

Т.Хүрэлбат: Шүдэнзээр шатаагаад үзэхэд наалддаг материал байна лээ
-Би дүүдээ дүрэмт хувцас аваад явж байна. Сургуулиас нь “Бат зүү” компанийн формыг өмсөнө гэж хэлсэн гэнэ. Гэтэл чанар, загвар гэж үнэхээр авах юм алга. Өнгөрсөн жилийнхийг бодвол материал нь өөрчлөгдсөн байна. Харин сайжирсан юм алга. Цэвэр даавуу биш. Шүдэнзээр шатаагаад үзэхэд наалддаг тийм л юм байна. Дээр нь энэ жилийн шинэ загвар гарсан гэнэ.

Түүнийг нь авсан чинь өмдний түдүль гэж байдаг даа. Арай ч дээ түүнийг нь дотоожны резин шиг ямар ч үзэл сурталгүй юмаар хийчихсэн байна. Яагаад ийм зүйлээр хийж байгаа юм. Хүүхдэд ч гэсэн гоо сайхан гэж байдаг биз дээ гэсэн чинь уучлаарай хүүхэд бүрийн бие галбир янз бүр байдаг. Тиймээс ямар ч хүүхэд өмсөхөд тохирох учраас ингэж сонгосон юм гэлээ.

Хэн ч гэсэн хүүхдээ хөөрхөн харагдуулахыг хүсдэг. Гэтэл энэ чинь бухимдмаар байгаа байхгүй юу. Яг нарийндаа яривал энэ үнэхээр хүүхдийн бүдүүн нарийндаа ч биш зүгээр л оёход хамгийн амар хэлбэрээр хийж байгаа хэрэг. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Хүн бүр гоо сайхныг эрхэмлэдэг болсон ийм үед хүнийг доромжилж байгаа юм шиг санагдаж байна.

Одоо тэгээд сургуулиас нь өмс гэсэн болохоор авч байна. Жаахан томдууллаа. Ядаж хоёр жил өмсөх байлгүй гэж бодоод. Гэтэл дараа жил ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Хуучны орос формыг нь өмсүүлье л дээ. Чанарын хувьд эднийхтэй харьцуулалтгүй. Гэхдээ Монгол хүний хувьд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжмээр байна.

Яахав нэг ч болов монгол хүн дүрэмт хувцас оёод амьжиргаагаа дээшлүүлэг гэж бодъё. Иймэрхүү байвал яаж дэмжих вэ дээ. Эцсийн эцэст “Бат зүү” компанийн, хэн нэг эрх мэдэлтэй нөхрийн л бизнес.

Н.Оюундалай
http://www.niigmiintoli.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш