Засгийн газрын Тусгай сан "Цэвэр агаарын сан"-тай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй зуухыг хямд үнээр олгох төсөл хэрэгжүүлж эхлээд хоёр жилийн нүүр үзсэн ч нийслэлийн утаа буурахгүй байгаа нь айл өрхүүд хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа дамлан зардаг болсонтой холбоотой гэсэн хардлага үүсээд байгаа. Тиймээс зуух авсан айл өрхүүдэд шалгалт хийж хэмнэлттэй зуухыг хэрэглээгүй айлыг торгох аж. Тухайлбал хөнгөлөлттэй үнээр зуух худалдан авсан айл өрхүүдэд шалгалт хийж, зуухаа хэрэглээгүй цааш дамлан худалдсан айл өрхөөс зуухны үндсэн өртөг болох 490 мянган төгрөгийг буцаан авахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний хэмнэлттэй, ердийн халаалтын зуухыг гэр хорооллын 25 мянган өрхөд нийлүүлсэн бөгөөд энэ жил 45 мянган өрхөд тараахаар төлөвлөж санхүүжилтын 10 тэрбум төгрөгийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, үлдсэн 10 тэрбум төгрөгийг Цэвэр Агаарын сангаас гаргахаар болжээ. Төслийн хүрээнд нийлүүлэх зуухыг ШУТИС-ын Дулааны техник, үйлдвэр экологийн хүрээлэнгийн зуухны лабораторид туршин, шаардлагад нийцсэн гэж үзсэн. Эрчим хүчний хэмнэлттэй зуухны нийлүүлэлт энэ оны есдүгээр сарын 15-наас эхэлж Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт байрлах байнгын гурван цэг, дүүрэг бүрт ажиллах 11 гэр цэгээр дамжуулан борлуулж байна.
Б.Гантуяа