logo
“НИК” ХХК-ийн торгуулийг 10 хоногт багтаан төлүүлнэ

“НИК” ХХК-ийн торгуулийг 10 хоногт багтаан төлүүлнэ

2013/10/09
Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн “НИК” ХХК-д тавьсан 4.9 тэрбум төгрөгийг 10 хоногийн дотор төлүүлэх шийдвэрийг Улсын дээд шүүх гаргалаа.
Энэ талаар өнөөдөр ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Ж.Очирхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

2012 оны 11 сарын 6-ны өдөр шатахууны импортлогч зарим компаниуд шатахууны жижиглэнгийн худалдаагаа зогсоож, зөвхөн хэрэглэгчийн карт эзэмшигчид борлуулан, ингэхдээ 20,000 төгрөгөөс дээш хэмжээгээр олгохгүй байх шийдвэр гаргаж, иргэдийг багагүй бухимдуулж байсан. Харин энэ үед ШӨХТГ-аас ажлын хэсэг гарган “НИК" ХХК, "Магнай трейд" ХХК, "Сод Монгол групп" ХХК, "Жаст Ойл" ХХК, "Шунхлай трейдинг" ХХК, "Ойн бирж" ХХК, "Петро жамп" ХХК, "М-Ойл групп" ХХК зэрэг компаниудыг шалгахад, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг тус тус зөрчин үгсэн хуйвалдаж үнээ нэмснийг тогтоон дээрх байгууллагуудад нийт 17 тэрбум төгрөгийн торгууль тавиад байсан юм. Эдгээр торгууль ногдуулсан байгууллагуудаас тухайн үедээ "Сод Монгол групп" ХХК нь 10 сая төгрөгийн торгууль төлж, "Шунхлай трейдинг" ХХК-ний хэрэг анхан шатны шүүхээр ороод байгаа юм. Харин “НИК” ХХК-нд тавьсан 4.9 тэрбум төгрөгийн торгуулийн шийтгэврийг “НИК” ХХК хүлээн зөвшөөрөлгүй Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэж эхлэн өнөөг хүртэл торгуулиа төлөөгүй байгаа  юм.
Анхан болон давж заалдах шатны шүүх харин “НИК” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ШӨХТГ-аас тавьсан торгуулийг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг Улсын дээд шүүх өчигдөр бататган, өнөөдөр эцсийн шийдвэрээ гарган “НИК” ХХК-иар улсад 4.9 тэрбум төгрөгийг 10 хоногийн дотор төлүүлэх болов. 
Ингээд үндэслэлгүйгээр үнээ нэмж, зохиомол хомсдол үүсгэсэн “НИК” ХХК-ийг ШӨХТГ-ынхан ялж, торгуулийг нь төлүүлэхээр болов.

Б.Гантуяа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш