-Өнөөдрийн хурлаар ямар асуудал хэлэлцэв?
-Ажлын хэсгийн өнөөдрийн хурлаар “Монгол төмөр” хөтөлбөрийн талаар хэлэлцлээ. Уг хуралдаанаар уг хөтөлбөрийн зорилго, чиглэл болоод ажлаа хэрхэн хувиарлах, ямар ямар судалгаа хийх, төмрийн үйлдвэрээ хэзээ байгуулах зэрэг үндсэн асуудлуудыг хэлэлцлээ. Манай улс төмрийн хүдрийг шууд экспортолдог байсан. Түүхий эдийг гадагшаа гаргана гэдэг бол олсон орлогоо гадагшаа гаргаад байна гэсэн үг. Энэ бүхэн нь гадаад худалдааны тэнцэл болоод валютын ханшид нөлөөлдөг. Тиймээс бид үйлдвэрлэгч болохын тулд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гурван яам хамтран ажиллаж байна.
-Манай улс төмрийн хүдрийн хэр нөөцтэй вэ?
Монгол Улс төмрийн хүдрийн асар их баялагтай. Одоогийн байдлаар нэг тэрбум орчим тонн төмрийн нөөц илрээд байна. Түүнчлэн зэсийн нөөц ч их бий. Тиймээс энэ их баялгаа бид түүхий эд хэвээр нь гаргах ёсгүй. Эцсийн бүтээгдэхүүн болгох нь чухал. Энэ бол түүхий эдээ хэрхэн баяжуулах, ямар техник технологи хэрэглэх, тээвэрлэлтийн ямар бодлого баримтлах зэрэг цогц хөтөлбөр юм. Монгол Улсын Засгийн газраас долдугаар сарын 6-нд төмөрлөгийн үйлдвэрийн салбарыг дэмжих зорилгоор 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх болсон. Энэ хөрөнгөөр эхний ээлжинд төмөрлөгийн уурхайнууд дээр нойтон баяжуулах үйлдвэр байгуулна. Уг хөтөлбөрийг хэрэжгүүлэхэд нийт хэдэн төгрөгийн зардал төсөв орох вэ гэдгийг хөтөлбөрөө бүрэн боловсруулсны дараа техник, эдийн засгийн үндэслэлээр гаргана.
-Эхний ээлжинд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өргөтгөл, шинэчлэлт хийнэ гэсэн?
-Энэ тодорхой болоогүй байгаа. Бид Дэлхийн банктай Дархан, Сэлэнгийн бүс нутгийн төмөрлөгийн цогцолборыг өргөжүүлэх судалгааг хийж байгаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэр саяхан өөрийнхөө олборлох уурхайг байгуулж, улсын комисст хүлээлгэж өгсөн. Үүн дээр үндэслээд дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах төмрийн үйлдвэр байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. 2012 онд найман сая тонн төмрийн хүдэр экспортолсон. Энэ бол маш томоохон төмрийн үйлдвэр барих хэмжээний түүхий эд. Түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргана гэдэг бол тээвэрлэх бүтээгдэхүүн болоод зардал багасна. Мөн бүтээгдэхүүн илүү үнэ цэнэтэй болж эдийн засгийн ач холбогдол нь өснө. Бид төмрийн хүдрийн асар их нөөцтэй хэрнээ дотооддоо арматур үйлдвэрлэж чадахгүй, гадаадаас импортолдог байж таарахгүй. Тэгэхээр үүнийг шинэчлэх шаардлагатай.
-Монгол Улсын төмрийн жилийн хэрэгцээ хэд байдаг вэ?
-Одоо жилд 300 мянган тонн орчим байна. Гэхдээ ойрын хугацаанд энэ тоо 3-4 дахин өсөх хандлагатай. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засгийн өсөлт, хурдтай хөгжлөөс шалтгаалан томоохон бүтээн байгуулалт хийх нь тодорхой. Бүтээн байгуулалтыг төмөргүйгээр төсөөлөхгүй. Барилгын салбарт манай улсын нийт төмрийн хэрэгцээний 55 хувь зарцуулагддаг. Тэгэхээр бид хэр их барилга барина тэр хэмжээгээрээ төмрийн эрэлт нэмэгдэнэ гэсэн үг.
-Дотооддоо хэзээнээс ган төмөр нийлүүлж эхлэх юм бол?
-Хөтөлбөрийн хүрээнд ойролцоогоор дөрвөн жилийн дараа ган төмөр нийлүүлэх боломжтой. Энэ ажлын хэсэг төмрийн үйлдвэрт ямар орд ашиглах, аль ордыг нөөцөнд үлдээх зэрэг судалгаа явуулна. Өнөөдөр анхны хурлаа хийж байгаа учраас нарийн тоо баримт дэлгэх, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх боломжгүй. Төмөрлөгийн салбар манай улсад шинэ зүйл биш. Анх 1994 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд энэ салбарын мэргэжилтнүүд бэлтгэгдсэн. Мөн хүнд үйлдвэрлэл, төмөрлөгийн чиглэлээр гадаадад нэлээд бэлтгэгдэж байгаа. Түүнчлэн техник технологи маш өндөр хөгжсөн болохоор үйлдвэр байгуулах, ажлаа эхлүүлэхэд саад бага гарна гэж үзэж байгаа.
Ч.Ариунболд