logo
Нийгмийн хөгжлийн асуудлаар үг хэллээ

Нийгмийн хөгжлийн асуудлаар үг хэллээ

2013/10/10
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганы 3 дугаар хорооны нэгдсэн хуралдаанд ГХЯ-ны ОУБГ-ын дэд захирал В.Өлзийбаяр нийгмийн хөгжлийн асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулж, үг хэлэв.

Нью-Йорк хотноо 9 дүгээр сарын 23-ны өдөр болсон "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх" өндөр хэмжээний хуралдаан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг 2015 оноос хойшхи хөгжлийн бодлогод тусгахад чиглэсэн чухал арга хэмжээ болсоныг тэмдэглээд, өндөр хэмжээний хуралдаанаас баталсан баримт бичгийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч ажиллахыг нотлов.

Тэрээр иргэдийг чадавхижуулах асуудал нь нийгмийн хөгжлийн тулгуур зорилт бөгөөд хүн бүрийн эрх тэгш оролцоог хангахад гишүүн орнууд анхаарч ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Мөн манай улсын санаачлан батлуулсан  тогтоолуудын дагуу "Бичигтэн болох НҮБ-ын 10 жил" болон "Хоршооллын олон улсын жил"-ийн хүрээнд НҮБ-ын гишүүн орнууд олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсэнийг дурдаад цаашид энэхүү чиглэлээр идэвхитэй хамтран ажиллахыг нийт гишүүн орнуудад хандан уриаллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш