Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв” 2012 оны 10 дугаар сарын 12-нд нээгдсэнээс хойш бүтэн жилийг үдлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр тус төвд зочилж, жилийн ажлын тайлантай нь танилцлаа.
“Засгийн газрыг иргэдтэй холбодог энэ төвд манай иргэд санал бодлоо олон хэлбэрээр илэрхийлж, үгээ ямар нэг шат дамжлагагүйгээр төрийн аль ч шатанд шууд хүргэж ирлээ. Хоёр дахь жилдээ бид иргэний хэлсэн санал төрийн аль байгууллагын хэн гэдэг албан тушаалтанд очиж, яаж шийдэгдэж байгааг шууд харуулдаг болгоно. Тавьсан саналынхаа шийдвэрлэлтийн явцыг иргэд өөрсдөө хянаж чаддаг болно гэсэн үг” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Иргэдэд улам илүү ойртсон нэг чухал шинэчлэл “11 11 төв”-д саяхан хийгдсэн. Хот, хөдөөд байрлуулж буй ТҮЦ (төрийн үйлчилгээний цахим) машинтай “11 11 төв”-ийг холбож, иргэдийн өгсөн санал, хүсэлтийг “11 11 төв”-д шууд бүртгэдэг болоод байна.
Утсаар, интернэтээр төрд үгээ хүргэж, асуултдаа хариулт авах боломж бүрдүүлсэн “11 11 төв”, олон төрлийн лавлагаа авч болох ТҮЦ машин бол Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсч, тэдэнд шуурхай үйлчилж буйн илрэл юм гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.