logo
Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

2013/10/21

Нэг долоо хоногийн хугацаанд дэлхийн улс орнуудад байгалийн гамшиг, зөрчил мөргөлдөөн, хууль тогтоогчдын шийдвэр гэх мэт үй түмэн үйл явдал болж өнгөрдөг. Тэдгээрээс хамгийн ач холбогдолтой мэдээллийг онцлон хүргэж байна.

АНУ ард хормойгоороо урд хормойгоо нөхөж байна уу...

Дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болох АНУ-ын хууль тогтоогчид төсөв, өрийн асуудлаар тохиролцоонд хүрснээр 16 хоногийн турш ажилгүй байсан олон зуун мянган төрийн албан хаагчид ажилдаа эргэн орсны зэрэгцээ өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх эцсийн хугацааг хойшлуулсан нь энэ 7 хоногт дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдлуудын нэг байлаа. Тус улсын засгийн газар үйл ажиллагаагаа явуулах санхүүжилтгүй болохын даваан дээр Сенат дахь Ардчилсан Нам болон БНН-ын удирдлагууд тохиролцоонд хүрснээр засгийн газарт шаардлагатай байсан санхүүжилтийг 1-р сарын 15-ныг хүртэл гүйцээн олгож, Сангийн Яамны зээлжих эрхийг 2-р сарын 7-ныг хүртэл сунгах заалт бүхий хуулийн төслийг Конгресс баталсан юм. Улмаар ерөнхийлөгч Барак Обама хуулийн төсөлд гарын үсэг зурсан. 2 нам төсвийн асуудлаар ихээхэн санал зөрөлдөөнтэй байдаг ч энэ удаагийн "тэмцэл" Ардчилсан намынхны ялалтаар өндөрлөсөн гэхэд болно. Ардчилсан Нам болон БНН-ын улс төрийн тоглолт, санал зөрөлдөөн, цагийг нь тулгасан шийдвэр зэрэг нь АНУ-ын эдийн засагт үлэмж хохирол дагуулсаар байгаа юм. Тухайлбал хамгийн сүүлд засгийн газрын үйл ажиллагаа 16 хоногийн турш саатсан нь эдийн засагт 24 тэрбум ам.долларын хохирлыг учруулсан гэсэн тооцоог S&P агентлаг гаргажээ.


Боолчлол одоо ч амь бөхтэй оршсоор...


Өнөөдөр дэлхий дээр 30 сая орчим хүн боолчлогдон амьдарч байна гэж Австралид төвтэй "Walk Free" сангаас шинээр гаргасан тайланд онцолжээ. Тухайлбал Энэтхэгт хамгийн их буюу бараг 14 сая хүн боолын хөдөлмөр эрхэлж байгаа юм байна. Харин Хятадад 2.9 сая, Пакистанд 2.1 сая хүн боолчлогдож байгаа ажээ. Жагсаалтын эхний 10 –т эдгээрээс гадна Нигер, Этиоп, Орос, Тайланд, Конго, Мьянмар, Бангладеш зэрэг улсууд бичигдсэн байна. Харин нийт хүн амын дунд боолын хөдөлмөр хийж байгаа иргэдийн хувь хэмжээ хамгийн өндөр байдаг улсаар Мавритан улс тодорч Гайти, Пакистан, Энэтхэг, Непал зэрэг улсууд удаалжээ. Мавритан улсын 3.4 сая хүн амын 4% нь боолчлогдож байгааг "Walk Free" сангийн тайланд дурдсан байна.


Урд хөршийн эдийн засаг сэргэв үү?

Хэмжээгээрээ дэлхийд 2-рт бичигддэг Хятадын эдийн засаг энэ оны 2-р улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 хувиар өссөн бол 3-р улиралд өсөлтийн хэмжээ 7.8 хувь болж нэмэгдлээ. Үүнээс гадна 9-р сард тус улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц, жижиглэн худалдаа өссөн байна. Дундад Улсын удирдлагууд энэ жил эдийн засгийн өсөлтийг 7.5 хувьд барих зорилтыг тавиад байгаа. 3-р улиралд ДНБ –ний өсөлт ийнхүү өмнөх 2 улирлынхаас нэмэгдсэн учраас Хятадын удирдлагууд зорилтоо биелүүлж чадна гэж шинжээчид үзэж байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш