logo
Францын үндсэн хуулийн шүүх ижил хүйстнүүдийг

Францын үндсэн хуулийн шүүх ижил хүйстнүүдийг "өмөөрөв"

2013/10/21

Хотын дарга, мужийн захирагч нар өөрсдийн шашны болон хувийн итгэл үнэмшилдээ тулгуурлан ижил хүйстнүүдийн гэрлэлтийг баталгаажуулахаас татгалзах ёсгүй гэсэн шийдвэрийг Францын үндсэн хуулийн шүүх өнгөрсөн баасан гарагт гаргажээ. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль хотын дарга нарын шашин шүтэх эрхийг зөрчихгүй учраас энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой гэж шүүх үзсэн байна. Энэ шийдвэр гарахаас сарын өмнө 7 хотын дарга ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцсэн зарга мэдүүлээд байжээ. 

Энэ оны эхээр Францын парламент гэр бүл болж, хүүхэд үрчилж авахыг ижил хүйстэй хосуудад зөвшөөрсөн заалт бүхий хуулийн төслийг баталсан бөгөөд ерөнхийлөгч Франсуа Олланд гарын үсэг зурснаар уг хууль хүчин төгөлдөр болсон юм. Өнөө үед ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн улс орнуудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь Европын орнууд байна. Хамгийн анх 2001 онд Нидерланд, улмаар  Бельги, Испани, Норвеги, Швед, Исланд, Португал, болон Данийн хууль тогтоогчид ижил хүйстнүүдэд гэр бүл болох эрх олгожээ. Үүнээс гадна Аргентин, Уругвай, Канад, Бразил, Шинэ Зеланд, Өмнөд Африк зэрэг улсуудад ч ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан байдаг байна.


РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш