Ерөнхий сайдын ивээлд зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Төрийн ордонд 11 дэх жилдээ болж 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардаж буй залуучууд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд тэдэнд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдрөөс хүүхэд нас нь ард үлдэж, хамгийн их эрч хүчтэй, ихийг бүтээж цогцлоодог, хамгийн аз жаргалтай настайгаа золгож байна. Монгол Улсын иргэний эрх, үүргээ нэр төртэй авч яваарай” гэж онцоллоо.
Монгол орноороо бахархаж, түүх соёлоо дээдэлж явах нь монгол залуу хүний эрхэм үүрэг. Өмнөө том зорилго тавьж түүндээ хүрэхийн төлөө зүтгэ, амьдрах арга ухаанд суралцаарай гэж Ерөнхий сайд хэлээд энэ гурван зарчмыг баримталж явахын учрыг өөрийн болоод бусад хүний амьдралын жишээ, туршлагаас хэллээ.
Нэрт эрдэмтэн Томас Эдисон гэрлийн чийдэн бүтээх гэж 267 удаа туршилт хийж байж амжилтад хүрсэн. Энэ бол тэвсэр хатуучилтай, зорилгодоо тууштай байхын үлгэр юм. Хичээл зүтгэлийг олж, хийж бүтээснээрээ бид дэлхийн залуучуудтай өрсөлдөх учиртай. Түүнээс биш хэн нэгнээс илүү гарах гэж Чингисийн үр сад гэж цээжээ дэлдээд амжилт олохгүй. Алдаа дутагдалгүй хүн гэж байхгүй. Бүх хүн нэг хийцийнх. Зорилго тавьж зүтгэдэг, тэмцдэг, тэсвэрлэдэг чанар хүн хүнд өөр байдаг, үүгээрээ л ялгаатай. Тиймээс энэ чанаруудыг өөртөө бий болгож, зорилгынхоо төлөө зүтгэх нь залуучууд та бүхний амжилтын эхлэл болно гэж Ерөнхий сайд хэлээд бусдаас хүлээж горьдох хэрэггүй, хүний хувь заяа өөрийнх нь гарт л байдаг. Өөрийгөө өөрчлөхөөс бүхнийг эхлэх учиртай гэж зөвлөлөө.
Иргэний үнэмлэхээ гардсан залуучууд
“Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй, тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт иргэн-Би
Мөнх хөх тэнгэрийн дор, мөнхөд дэгжих эх орныхоо төлөө
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн,
Өвөг дээдсийн өндөр цадигтай,
Өнөд мандах Монголынхоо төлөө
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм
Хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө
Эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж
Дэлхийн энгээр, Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа
Ард түмэндээ андгайлж байна хэмээн андгай уншлаа.