Польш Улсын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлалын хүрээнд ирсэн бизнес эрхлэгчид эл уулзалтад оролцсон юм. Польшийн талаас барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, эм эмнэлгийн салбарын 40 орчим төлөөлөгч хүрэлцэн ирсэн бол манай талаас 30 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.
Монгол-Польшийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэхдээ “Хоёр тал бодит ажил хийх цаг ирлээ. Энэ бодит ажил хоёр орны бизнес эрхлэгчдийн хүрээнд хийх ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Тэрээр хэлэхдээ, “ Монгол, Польшийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг үр дүнтэй болгоход хоёр талаас дэмжиж ажиллах болно. Польш Улсад энэ оны эхээр хийсэн миний айлчлалын үеэр Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Одоо эдийн засгийн хамтын ажиллагааны байнгын комисс байгуулаад байна. Манай талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат энэ комиссыг ахалж ажиллана. Хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ямар давуу тал байгаа талаар зарим нэг зүйлийг хэлье. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, барилгын үйлдвэрлэл, хүнс, эм, оёмол эдлэлийн салбарт хамтарч ажиллах боломж бий. Дэд бүтэц Монголд маш эрчимтэй хөгжих шатандаа орлоо. Үүнд хөрөнгө оруулах боломж байна. Товчхон хэлэхэд саяхан манай парламент Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан. Ер нь Монголд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тогтвортой байгаа гэж бид үзэж байна. Монгол Улс Польшийн бизнес эрхлэгчдийн хувьд Азийн бүс нутаг дахь хамгийн найдвартай түнш байхын төлөө ажиллах болно” хэмээн онцлов.
Монгол-Польшийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын эхэнд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О. Чулуунбат Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлаар танилцуулга хийсэн юм. Тэрээр ярихдаа, “Сүүлийн 3-5 жилд Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсч байна. ДНБ жилдээ 10-15 хувиар өсч байгаа. Санхүүгийн хувьд тогтвортой байдлыг 10 гаруй жил хадгалж ирлээ. Инфляцийг 10-аас доош хувьд барьсаар байв. Монгол Улс дэлхийн зах зээл дээр нэр хүнд нь өсч хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөхөөсөө өсөн нэмэгдлээ. Манай улс том хэмжээний бондыг зах зээлд гаргасан. Эдийн засгийн өсөлт, экспортын гол гарц нь уул уурхайн салбар. Тиймээс та бүхэн манай улстай бизнес болоод уул уурхайн салбарт түлхүү хамтарна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Польш улс дахь айлчлалын үр дүнд хоёр орны Засгийн газар хоорондын зээлийн шугмын хэлэлцээрийг хийсэн. Польшийн Засгийн газраас монголын талд эхний удаа 50 сая еврогийн зээл олгохоор боллоо гэв.