Н.Энхбат дуучин багадаа сургуулийнхаа урлаг, спортын бүхий л арга хэмжээнд оролцсон жигтэйхэн нийгмийн идэвхтэй хүү байжээ. Хаана л уралдаан тэмцээн, тоглолт болно тэнд мань эр л харайж явна. Чухамдаа л “найранд гурван дуутай, наадамд гурван даваатай” эр болох далдхан хүсэл мөрөөдөл байсан учир арав гаруй насандаа сумандаа түрүүлж аймгийн аваргын төлөө өрсөлдсөн гэж байгаа.
Ер нь л юм юманд авьяастай юм болгоныг амжуулах гэсэн төрөлхийн дайчин чанар нь түүнийг эрт биеэ даахад нөлөөлсөн байна. Дөнгөж гуравдугаар ангид байхдаа хашааныхаа айлын хөлд ч ороогүй шахам жаахан хүүхдийг зуны гурван cap тов хийтэл хардаг байж, бүр хоёр жил дараалан шүү. Аав ээж нь улсын ажил гээд зав чөлөө бага учир үеийнхээ хүүхдүүдийг бодвол харьцангуй хэрсүү, томоотой Н.Энхбатад “хүүхэд асрагчийн" ажил ногдуулсан хэрэг.
Сургууль ороход тухайн жаалын аав ээж хичээлийнх нь хэрэглэлийг авч өгсөн нь арваадхан настай хүүгийн хөлс хүч, сэтгэлийг үнэлснийх. Дөрөв, тавдугаар ангид байхдаа малын эмч аавыгаа дагаж тарилга туулгалт, мал угаах ажилд оролцон 75 төгрөг авч аав ээждээ нэмэр болж байсан бол зуныхаа амралтаар ээжтэйгээ хамт барилга дээр ажиллаад 130 төгрөгийн цалин хүртэж байжээ.
Тэр үеийн ханшаар бол чамлахааргүй их мөнгө. Бас цалингаа ахиулах зорилгоор 8, 9 дүгээр анги төгссөн зунаа аймгийнхаа нэгдэл дундын үйлдвэ- рийн барилгачидтай хамт ажиллаж цалингаараа тэр үед зөвхөн дарга нарын л өмсдөг байсан “Сээгээ” малгайг орос найзаасаа худалдан авч гангарч байсан гэдэг шүү.
Хар багаасаа ажил хөдөлмөрийн амтыг мэдэрсэн болохоор амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүнд яснаасаа дургүй. Хөлс хүчээ дуслуулж олсон ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимээр л амьдрах ёстой гэж жигтэйхэн нухацтай хэлж сургах нь бий. Сурагч байхдаа сургуулийнхаа болоод сум, аймгийн хэмжээний урлаг, соёлын том, жижиг бүхий л ажиллагаанд оролцдог байсан ч яг дуучин болъё гэж бодож байсангүй. Дургүйдээ биш орос хэл, түүх, нийгэм гэсэн хичээлүүдэд илүү сайн байсан болохоор тэр чиглэлээр, ялангуяа сэтгүүлч мэргэжил эзэмшье гэж бодсон хэрэг. Тэрхүү хүсэлдээ хөтлөгдөж ангийнхаа ах, дүү хоёр илгээлтийн эзэн малчны тухай анхныхаа мэдээг аймгийнхаа төв хэвлэл “Алтайн хөгжил” сонинд гаргаж байсан түүхтэй.
Гэхдээ түүнд урлагийн авьяас байсан болохоор дуулахаас огт цааргалж байсангүй. Бигэр сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөх хаврын нэг өдөр санамсаргүй ч гэмээр баярламаар ч гэмээр явдал тохиолджээ. Улаанбаатараас ирсэн Хөгжим бүжгийн дунд сургууль (одоогийн Хөгжим бүжгийн коллеж)- ийн элсэлтийн комиссын- хон сургуулийн сурагчдын “Буудайн цуурай" хамтлагийн тоглолтыг үзэж сонирхсоны маргааш захирлын өрөөнд Н.Энхбатыг дуудав.
Яваад ортол нөгөө элсэлтийн хүмүүс сууж байв. Комиссын дарга нь дуучин хүүд баяр хүргээд “Дуучин болох уу, чамд дуулах авьяас байна. Тийм учир бид хавар УБДС-ийн дуулаачийн ангийн урилга явуулъя” гэжээ. Мань эр ангийн багш, бас ээж аавтайгаа ярилцаад зөвшөөрсөн хариу хэлсэн гэдэг. Өдөр, cap хоромхон зуур өнгөрч төгсөх боллоо. Харамсалтай нь нөгөө амласан урилга нь ирсэнгүй. Тэрээр 1984 онд Улаан- баатарт Хилийн ба дотоодын цэргийн ангид алба хааж байхдаа урлаг, соёлын арга хэмжээн дээр ангийнхаа нүүрийг тахалдаг ганц цэрэг нь байв. 1986 онд болсон Бүх ард түмний урлагийн их наадамд уран сай- ханч-байлдагч маань “Дуулж явна би" хэмээх дуугаар оролцон алтан медаль хүртэж Арвай генерапаас Орон нутгийн 10 хоногийн чөлөөгөөр шагнуулсан удаатай. Тэр дуу нь олон түмэнд үнэлэгдэж Монголын радио- гийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр байнга шахам захиалга авдаг болов.
Бүх ард түмний урла- гийн их наадмын шагналтнуудын нэгдсэн тог- лолт дээр ч үзэгчид дуучин цэргийг 4-5 удаа дахиулсан гэнэ лээ. Тэгээд өхөөрдөнө. Бас баясч уйлна. Энэ үеэс л тэрбээр дуучин болохоор шийджээ. Цэргээс халагдах үедээ Хязгаарын цэргийн ансамбльд дуучнаар үлдэх битүүхэн сонирхолтой байтал Говь-Алтай аймгийн уран сайханчдыг ахалж ирсэн аймгийн эвлэлийн байгууллагын дарга “Чи ерөөсөө нутагтаа оч. “Алтай” чуулгад дуучнаар ор. Хоёр жилийн дараа би чамайг Комсомолын дээд сургуульд явуулж өгье" гэж ятгах, тулгахын хооронд санал тавьжээ. Удалгүй Н.Энхбат халагдлаа.
Гэхдээ шуудхан “Алтай” чуулгад орсонгүй. “Сумандаа эвлэлийн ажилтан хийдэг юм билүү” гэх ухааны юм бодож, хэсэг амарч байтал аймгийн Намын хорооноос дуудаад Ардын дуу бүжгийн “Алтай" чуулгад дуучны орон тоон дээр ажиллах тушаал гаргачихав. Ингээд л 1988 онд эргэлт буцалтгүй урлагтай тол- гой холбож, хөдөө орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагад 15 жил ажиллажээ. “Гэхдээ би цагаа бүртгүүлж, цалин авсан дуучин байгаагүй юм шүү” гэж хааяахан онгирдог доо. Үнэндээ ч “Алтай” чуулгад байхдаа олон ажил санаачилсныг нь мэдэх юм.
Түүний нэг нь Монголын үндэсний радиогийн Алтан фондонд “Алтай" чуулгын уран бүтээлч- дийн урын санг шинэчилж оруулах саналыг чуулгын удирдлагууддаа тавьж, хэрэгжүүлсэн юм. Н.Энхбат хүний хувьд шударга шулуун зантай. Бусдын алдаа дутагдлыг нөхрийн журмаар нүүрэн дээр нь шууд хэлдэг. Дарга гэж долгинож, цэрэг гэж дээрлэхэж явсангүй. Худал инээд, хуурамч занд яснаасаа дургүй. Дарга удирдлагуудаа хатуухан үгээр гөвж явсан түүх ч түүнд бий. “Эр нь эмэгчин шиг. Эм нь шивэгчин шиг хүмүүс олширч байна" гэж харамсангуй өгүүлж ундууцдаг нь учиртай.
Тэрбээр хүн өөрийгөө байнга хөгжүүлж, “өөрт байгаа ур чадвар авьяас билэг, нөөц боломжоо үргэлж тордож байх ёстой” гэдэг үзэл бодол дээрээ хатуу зогсдог. СУИС-ийг Соёл урлагийн менежер мэргэжлээр төгсөөд зогсохгүй багынхаа хүсэл мөрөөдлөө гүйцэл- дүүлэхийн тулд сэтгүүл- чийн мэргэжил давхар эзэмшжээ. Мөн эдүгээ Удирдлагын академын сургуульд удирдахуйн ухааны магистрын чиглэлээр суралцаж байна.
Энэ бол дарга болох гэсэн амбиц огт биш. Ерөөсөө нийгмийн хөгжилтэй хөл нийлэн алхах гэсэн хөдөлмөрч хүний санаа зорилго, өөдрөг тэмүүлэл бөлгөө. Хүн чанар хүнлэг сэтгэлийг эрхэм болгодог эгэл дуучин маань ядарч зүдэрсэн шаналж зовсон нэгэнд дэндүү элгэмсүү. Бас юм юманд торгон мэдрэмжтэй ханддаг сайн зохион байгуулагч, сайн менежер гэж ойр дотных нь хүмүүс үнэлэх нь бий. Ямар сайндаа Лодонгийн Түдэв гуай “Элдэв авьяастан Энх- батдаа” гэж бичээд номоо бэлэглэсэн байхав дээ.
Дуучин маань аав ээжээ бурхан мэт дээ- дэлж, үг сургаалийг нь дандаа бодож эргэцүүлж, амьд байгаль хүн хоёрын хүйн холбоог шүтэж явдаг билээ. Жил бүрийн гуравдугаар сарын 27 буюу Олон улсын театрын өдөр бол түүний нарт хорвоод мэндэлсэн өдөр нь юм. Гэхдээ “Миний төрсөн өдөр" гэж баяр- лаж хөөрөхөөс илүү ээжийгээ дурсч өнгөрүүлэхийг илүүд үздэг. “Хүүтэй боллоо гэж хөөрхий ээж минь ямар их баярласан бол" гэж хоолой нь зангирч өгүүлдэг. “Ээжээ хүү нь дуулж л явна” хэмээх эсээ бичсэнээ ижийдээ барьсан хүү- гийнх нь өчүүхэн бэлэг гэж баярладаг билээ.
Эрхэм дуучны “Намайгаа дурсаарай”, “Сутай зүгийн нутаг", “Гүнж тогоруу", “Бүсгүй”, “Ээждээ яарсан сэтгэл", “Ээждээ үнсүүлэхсэн”, “Хүлээгээрэй ээжээ” гэх дуу бүхнийг нь түүнэс өөр хэн ч давтаж дуулахааргүй, өвөрмөц содон хоолойтон юм. Ялангуяа бараг л ардын дуу шиг олонд түгсэн “Хонгорзул” хэмээх дуугаар нь хот, хөдөөгүй танина. Сонсоно. Найман настай балчраас 80 настай буурай хүртэл амандаа аялах, яруу уянгалаг дууны үгийг 1999 онд соёлын гавьяат зүт гэлтэн Д.Лхагвасүрэн би- чиж, аяыг нь хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов туурвин Н.Энхбатад зориулж зохиосон гэдэг.
Тэрээр “Хонгорзулыг” амьдруулсан шиг амьдруулж чадсаны хамгийн том нотолгоо нь “Хонгорзулын Энхбат" гэдэг ард түмнээс хайрласан нэр алдар билээ. Энэ бол магадгүй төрөөс хайрладаг “Гавьяат жүжигчин” гэдэг эрхэм дээд цолноос ч үнэтэй хүндлэл байж мэднэ. Ийнхүү бие жижигтэй ч бэлчээр томтой, ард олны “тосон хоолойт” хэмээн хүндэтгэдэг гавьяат- гүй гавьяат Н.Энхбат дуулж л явна даа.
Дажсүрэнгийн ЛХАГВАДОРЖ