logo
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нар Цэцэд хандлаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нар Цэцэд хандлаа

2013/10/26

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Д.Батбаатар, МАН-ын даргын зөвлөх Б.Энхбаяр нар УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан УИХ-ын 2012 оны 06, 07, 22, 23, 2013 оны 08, 32, 37, 49 тоот тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг магадлан шийдвэрлүүлэхээр иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Байнгын хороодод гишүүдийг ялгавартай хуваарилсан эдгээр тогтоол ардчилсан Үндсэн хуулийн язгуур зарчим, парламентат ёсны төлөвшил, төлөөллийн ардчиллын үнэт зүйл, хэм хэмжээнд харшилсан гэж тэд үзжээ.

2013 оны наймдугаар сарын 23-ны байдлаар УИХ-ын нийт 76 гишүүний 34 буюу 44.73 хувь нь Ардчилсан нам, 26 буюу 34.21 хувь нь Монгол Ардын нам, 11 буюу 14.47 хувь нь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл, хоёр буюу 2.63 хувь нь ИЗНН, гурав буюу 3.94 хувь нь бие даагчийн төлөөллөөс бүрдэж байна. Гэтэл УИХ-ын нийт байнгын хороодын бүрэлдэхүүнийг авч үзвэл Төрийн байгуулалтын байнгын хороонд 63.1, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд 52.7, Өргөдлийн байнгын хороонд 47, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд 42.1 хувийг УИХ-д 44.73 хувийн суудал бүхий АН дангаараа бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, нэг байнгын хороодоос бусдад нь буюу 47-63 хүртэл хувийг дангаараа эзэлж, УИХ дахь олонхи, цөөнхийн зарчмаар ажиллах зохион байгуулалтын үндсэн зарчим гажсан байна.

       Байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо нам, эвслийн бүлгийн УИХ дахь суудлын тоо, олонхи, цөөнхийн харьцаа зэргийг харгалзалгүйгээр АН-ын гишүүд гурван байнгын хороонд, харин МАН-ын бүлгийн гишүүд Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.2-д заасан “байнгын хороонд заавал харьяалагдаж ажиллах” гэсэн заалтыг хэлбэр төдий хангаж 1-2 байнгын хороонд харьяалагдаж байгаа нь Үндсэн Хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан  “Ардчилсан ёс, шударга ёс...тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “Аль нэг нам ...-ын гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-т заасан “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалтыг тус тус зөрчиж, УИХ-ын гишүүдийн дунд эрх зүйн ялгаварлалыг бий болголоо гэж өргөдөл гаргагчид үзэж байна.

    УИХ бол парламент буюу хууль тогтоох төлөөллийн байгууллага. Парламентат ёсны нэг суурь зарчим нь ард түмний төлөөлөгчид бүгд эрх тэгш тооцогддог явдал юм. Үүнийг нь хууль тогтоогчдын саналыг адил төвшинд авч үзэх боломжоор хангах, харин асуудлаа хамтаар хэлэлцэн, олонхиор шийдэх арга замаар хангадаг. Ардчилал бол аливаа асуудлыг хамгийн зүй зохистой шийдэх арга зам юм. Энэхүү арга зам нь хэн нэгэн хувь хүн, албан тушаалтан, хэсэг бүлгийн дур зоргын золиос болохоос ард түмнийг сэргийлэх үндсэн үзэл санаанаас угшилтай бөгөөд цөөнх болж буй хэсгийн хууль ёсны эрхийг хэрхэн зөв, үр ашигтай хангаж хяналтын үр нөлөөг сайжруулах вэ гэдэгт ямагт анхаарч байдаг.

Тэр утгаараа ард түмний төлөөллийг хэрхэн тэгш хангаж байна вэ гэдэг нь ардчилсан ёсны чухаг шалгуур юм. Гэтэл нэг хэсэг ард түмний төлөөлөл нь хууль тогтоох үйл ажиллагаанд илүү өргөн давуу боломж эдэлдэг, нөгөө хэсэг нь түүнээс бага буюу хязгаарлагдмал боломж эдэлдэг бүтэц, зохион байгуулалт нь парламентат ёсны мөн чанарыг эвдээд зогсохгүй хууль тогтоох институтын ардчилсан ёсны зарчмаар шийдвэр гарах нөхцөлийг үгүй хийгээд байна.


Хууль тодорхой нэг субъект, тодорхой нэг тохиолдолд зориулагдах ёсгүй бөгөөд парламентат ёсны гол агуулга нь нийгмийн ашиг сонирхолд захирагдан, хууль дээдлэх, ард түмний санаа бодол, оролцоог эрх тэгш хангах нөхцөл хэр бодитой буйгаар хэмжигддэгийг С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нарын гишүүд онцолж байв. 


 УИХ-д олонхийг бүрдүүлэгч намын гишүүд байнгын хорооны бүрэлдэхүүнд давуу байдлыг өөрсөддөө бий болгон гурван байнгын хороонд харьяалагдаж буй нь бүхэлдээ шударга ёсны, тэгш эрхийн, хууль дээдлэх зарчмыг гажуудуулсан хэрэг болоод байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Байнгын хорооны нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж заасан байх бөгөөд одоо олонхи болсон намын гишүүд дангаараа ирсэн байхад байнгын хорооны хуралдааныг хүчинтэйд тооцох нөхцөл бүрдэх байдал бий болсон, мөн зүйлийн 21.4-д  “Байнгын хороо эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанаар хэлэлцэж хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу зөвхөн АН-ын гишүүдийн л саналаар хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг байгууллагын шийдвэрийг дангаар гаргах нөхцөл бүрдүүлж байгаа нь Монгол Улсын Их Хурал дахь цөөнхийн эрх, ардчиллын үнэт зүйл болсон олон ургальч үзлийг алдагдуулж, нэг намын үзэл сурталд баригдах нөхцөл үүслээ гэж уг өргөдөлд дурдсан байна.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш