Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд хэрэгжих "Ардын аман зохиол, үлгэр туульсын гар бичмэлийг дижитал хэлбэрт шилжүүлэх нь" сэдэвт төслийн нээлт боллоо.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачлагаар хэрэгжиж буй энэхүү төсөл нь 2013-2014 онуудад үргэлжлэх бөгөөд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн "Дуун ухааны сан хөмрөг"-т хадгалагдаж байгаа 1150 ширхэг тод үсгийн судар, 1257 ширхэг монгол барын болон гар бичмэл судар, 6889 ширхэг төвд судар, 450 хавтас бүхий 100 000 орчим хуудас материалыг дижитал болгох юм.
Монголын соёлын өвийг бүртгэх, хамгаалах, эх материалыг цахим хэлбэрт оруулах, тэдгээрийг судалгаа шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, нийтийн хүртээл болгох зорилготой уг төсөлд шаардлагатай 37 сая төгрөгийг Швейцарийн хөгжлийн агентлаг санхүүжүүлсэн байна.