Нийслэлийн өдрийг тохиолдуулан Соёл урлагийн их сургуулиас санаачлан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг Анкарагийн гудамжинд /СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар/ зохион байгууллаа.
Өдөрлөгт нийслэл, дүүргийн удирдлагууд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос болон СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд, Анкара гудамжинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид болон нийслэлийн иргэд оролцлоо. Нийслэлийн гудамжинд анх удаа зохион байгуулагдсан тус өдөрлөгөөр хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ зориулан СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барьсан бол үлээвэр найрал хөгжмийн хамтлагаар удирдуулсан Анкарагийн гудамжинд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн ажилчид ёслолын парад хийсэн.
Өдөрлөгийг нээж нийслэлийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Нийслэлийн өдрийг тохиолдуулан иргэддээ зориулсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Хотын гудамж-Миний нутаг үйл ажиллагаа бөгөөд анхлан санаачлан зохион байгуулсан СУИС-ын захиргаа, багш, оюутнуудад нийт нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал ирэлхийье. Нээрээ л хотын гудамж бол миний нутаг.
Манай нийслэлчүүд гудамжинд нь хог хаявал гэрт нь хог хаяж байгаа шиг, гудамжийг нь муухай болгочихвол гэрийг нь муухай болгосон юм шиг хотынхоо гудамж, тохижилтод сэтгэл гаргаж, санаа тавьдаг болсон. Тиймээс бид цаашдаа Улаанбаатар хотоо улам сайхан болгохын төлөө ажиллах болно гэдгээ хэлмээр байна” гэж онцлон хэллээ.
Энэ үеэр нийслэлийн шилдэг тохижилттой байгууллага аж ахуйн нэгж, “Дулаан байр-Тохижилт” орон сууцны шилдэг СӨХ-гоор шалгарсан байгууллагад шагнал гардууллаа. Шилдэг тохижилттой аж ахуйн нэгжээр 1-р байранд Хөдөө аж ахуйн их сургууль, 2-р байранд Баянгол дүүргийн “Тэнгэр ээл” ХХК, 3-р байранд Налайх дүүргийн Соёл урлагийн ордон шалгарсан бол “Дулаан байр-Тохижилт” орон сууцны шилдэг СӨХ-гоор 1-р байранд Сүхбаатар дүүргийн 5-р хороо” Баянбулаг-6” СӨХ, 2-р байранд Баянгол дүүргийн 12-р хороо “Цогтчандман” СӨХ, 3-р байранд СХД-ийн 12-р хороо “Итгэл нэг” СӨХ шилдгээр шалгарч өргөмжлөл, мөнгө шагналаар шагнуулсан юм