“Ноёд” группийн захирал бусдад залилуулсан болох нь тогтоогдож буй бололтой. Хэдэн сарын өмнө “Г.Буяндорж намайг залилсан” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч байсан С.Билэгтэд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Түүнийг бусдын хөрөнгийг хувьдаа завшсан Эрүүгийн хэргийн148 дугаар зүйлийн хоёроор буруутгажээ. Өөрөөр хэлбэл“Ноёд констракшн”-ы нэрийг барьж “Сэлэнгэ-888” орон сууцны байруудыг хууль бусаар дур мэдэн зах зээлийн ханшаас доогуур худалдаалсан гэж үзжээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гурав хоногийн өмнө сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийхдээ ч энэ хэргийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн.
Тухайлбал, Хууль зүйн сайд “Энэ хэргийг шалгах явцад Г.Буяндорж өөрөө бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн” гэж хэлсэн билээ. Өнгөрсөн наймдугаар сараас Г.Буяндоржийг хорьж эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа түүний цагдан хорих хугацааг сунгасан юм. Ирэх сарын 8-ны өдөр хорих хугацаа нь дуусах аж. Иймд ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар нь Г.Буяндоржийг үндэслэлгүйгээр хорьсон хэмээн шүүхэд ханджээ. Мөрдөн байцаалтын явцад Г.Буяндорж хохирогч болж харин С.Билэгт сэжигтэн болж буй гэнэ. Бизнесийн хамтрагч болж нэгэн хэсэг хамт ажиллаж байсан тэдний түүх юуны учир ийм байдалд хүрэв гэдгийг сонирхоё.
Орхон аймгийн нэгэн банкинд С.Билэгт ажиллаж байжээ. Тэрбээр банкнаасаа их хэмжээний мөнгө залилаад ажлаасаа халагдсан гэнэ. “Ноёд” группийн барьж байсан “Sky tower” орон сууцнаас С.Билэгт өөрийн хүү Б.Шагдарсүрэндээ таван өрөө байр худалдан авч өгөхөөр өнгөрсөн жил урьдчилгаа төлбөрөө төлсөн байдаг аж. Гэвч төлбөрөө бүрэн гүйцэд төлж чадаагүй ч “Ноёд констракшн” компанийн гүйцэтгэх захирал Д.Батжаргалаар дамжуулан байрны гэрчилгээгээ гаргуулсан аж. Дараа нь гүйцэтгэх захирал Д.Батжаргалаар дамжуулан Г.Буяндоржтой танилцжээ.
Хожим нь С.Билэгт “Хөгжлийн алдар” ТББ-ын төслийн удирдагч Д.Наранхишигт гэдэг хүнийг дагуулан ирж, Г.Буяндоржтой уулзан, гурван хувийн хүүтэй, зургаан тэрбум төгрөгийн зээлд зуучилж өгөөд шанд нь таван өрөө байрныхаа үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх санал тавьжээ. Г.Буяндорж ч зөвшөөрсөн байна. Ингээд С.Билэгт хэлсэн амлалтандаа хүрч зээл хөөцөлдөхөөр болжээ. Хэсэг хугацааны дараа “Зээл бүтсэн. Гэвч миний нэр дээр зээл гарч байгаа учир компаниа миний нэр дээр шилжүүлэх хэрэгтэй” гэж хэлсээр С.Билэгт Г.Буяндоржтой уулзжээ. Г.Буяндорж ч түүний ятгалганд орсон байна. Г.Буяндорж “Ноёд констракшн” компаниа гүйцэтгэх захирал Д.Батжаргалд бэлэглэж, дараа нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3-нд С.Билэгтийн нэр дээр шилжүүлжээ.
Энэ явдлын дараахан С.Билэгт “Барьцаа хөрөнгө дутаад байна” хэмээн “Ноёд” группийн өөр нэг охин компани болох “Сэлэнгэ ноёд”-оос хөрөнгө татуулж авчээ. Ингэхдээ Г.Буяндорж төрсөн дүүгийнхээ данснаас 65 мянган ам.доллар бэлнээр гаргуулж, Д.Наранхишигтэд зээлийн урьдчилгаа хэмээн өгсөн байдаг аж. Үүний дараахнаас С.Билэгт хэлсэн амнаасаа буцаж эхэлсэн байна. Түүний найз гэх Д.Наранхишигт ч Г.Буяндорж дээр ирэх нь цөөрчээ. Энэ үед мөн “Ноёд констракшн” өнгөрсөн онд Баянзүрх дүүрэгт 650 мянган ам.доллараар газар худалдан авч, “Сэлэнгэ-888” нэртэй, 16 давхар, дөрвөн хэсэг барилгаас бүрдэх орон сууц барьж эхэлж байсан аж. Түүнийхээ 1-10 давхрыг дуусгаж, үлдсэн хэсгийг нь гүйцээхэд санхүүжилт дутсан гэнэ.
С.Билэгт үүнийг нь ашиглаж, Г.Буяндоржийн хөрөнгийг авах арга сэдсэнээс дээрх хэрэг үүдэлтэй байж болзошгүй гэсэн таамаг гараад буй аж. Учир нь тэрбээр компанийг нь нэр дээрээ шилжүүлж авсныхаа дараачаас эхлэн “Сэлэнгэ-888”-ын орон сууцуудыг заран, мөнгийг нь авч эхэлжээ. 108 айлын орон сууцыг нэг ам метрийг нь 1.3 сая төгрөгөөр заржээ. Энэ үеэс Г.Буяндорж С.Билэгтэд залилуулснаа ойлгож, Сэлэнгэ аймгийн шүүхэд өргөдөл гаргасан байна.
Шүүхэд өргөдөл гаргахдаа “Ноёд констракшн”-ы захирлаар ажиллаж байгаа С.Билэгт нь энэ компанийн эзэн биш гэдгийг нотолж өгнө үү” хэмээжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн шүүхээс С.Билэгтийн “Ноёд констракшн”-тай холбоотой үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан ч биелүүлээгүй гэнэ. Харин С.Билэгт Г.Буяндорж руу ярьж ”Компанийг чинь би буцааж өгье. Гэхдээ өнгөрсөн хугацаанд оруулсан хөрөнгөө би авна” гэж хэлсэн гэнэ. Г.Буяндорж түүний саналыг зөвшөөрч, шүүхээс өргөдлөө татжээ. Гэвч С.Билэгт энэ явдлаас хойш сураг алдарсан байна.
“Ноёд” констракшнийг үүсгэн байгуулагч нь Г.Дамдиндорж гэдэг хүн байдаг аж. Тэрбээр Г.Буяндоржийн ах юм байна. Тэрбээр Сэлэнгэ аймгийн шүүхэд хандан, “Ноёд констракшн”-ийг үүсгэн байгуулснаа нотлох баримт гаргаж өгсөн байна. “Ноёд” констракшн-ийг үүсгэн байгуулагч, хууль ёсны өмчлөгч нь Г.Дамдиндорж гэдгийг 2013 оны тавдугаар сарын 14-нд тогтоожээ. Өрөөлийн компанийг хууль бусаар эзэмшсэн С.Билэгтээс “Ноёд констракшн”-ийг эргүүлэн авахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид зургадугаар сарын 13-нд очиход С.Билэгт эсэргүүцсэн тул шийдвэр гүйцэтгэгчид “Сэлэнгэ-888” барилгыг битүүмжилж, компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг нь хурааж авчээ.
Зургадугаар сарын 17-нд Г.Буяндоржийн өмгөөлөгчийг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудсан байна. Тэгтэл компанийн гэрчилгээ алга болсон байсан аж. Камерын бичлэг шүүж үзэхэд С.Билэгт компанийн гэрчилгээг хулгайлаад туслахынхаа цүнхэнд хийж байсан нь илэрчээ. Шийдвэр гүйцэтгэгчид С.Билэгт рүү утсаар ярихад “Би гэрчилгээгээ авсан. Одоо Хууль зүйн яаман дээр явж байна” гээд утсаа тасалжээ. Тэрбээр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай уулзаж, “Миний компанийн гэрчилгээг Г.Буяндорж булааж авах гээд байна. Үүнийг хэнд ч өгөлгүй хадгалж байгаач” гэж гуйсан гэдэг.
С.Билэгтийг компанийн гэрчилгээ хулгайлсан хэмээн нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Э.Батбаяр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандан, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн ч арваад хоногийн дараа хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Уг гэрчилгээг ШШГЕГ-ын Хяналт, шалгалт дотоод аудитын газрын дарга, хурандаа Г.Туулхүү Хууль зүйн дэд сайдаас авч, С.Билэгтэд буцаан өгсөн гэх сураг гарчээ.
Харин энэ оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст дахин ханджээ. С.Билэгттэй холбоотой хэрэг сөхөгдөхөд түүнд өмнө нь мөнгөө залилуулсан хэсэг хүн тус хэлтэст гомдол гаргасан байна. С.Билэгтэд холбогдсон энэ хэргийг тухайн үед Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч тэгсхийгээд ямар ч шийдвэр гараагаагүй орхисон гэнэ. Түүний дараахан С.Билэгтэд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас татаж хянасан байдаг аж. Эндээс С.Билэгтэд холбогдох хэрэг эсрэгээрээ болж, С.Билэгтэд биш Г.Буяндоржид эрүүгийн хэрэг үүсгэж, С.Билэгтийн нэр хүндэд халдаж, гүтгэсэн гэж буруутгагдах болсон байна.
Г.Онон