logo
Ц.Элбэгдорж: Хоёр ард түмний эрх ашигт нийцсэн харилцааг бид цааш улам өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байна

Ц.Элбэгдорж: Хоёр ард түмний эрх ашигт нийцсэн харилцааг бид цааш улам өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байна

2013/10/30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Пхеньян хотын Янгагдо зочид буудалд болсон Монгол, Солонгосын бизнесийн уулзалтад оролцож үг хэллээ.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Манай хоёр орны харилцаа бол бидний ахмад үеийнхний үндэс суурийг нь тавьсан уламжлалт сайн харилцаа билээ. Монгол Улс, БНАСАУ хоёрын хооронд харилцан бие биеэ хүлээн зөвшөөрөх гэрээ 1948 оны 10 дугаар сард байгуулагдсан байдаг. Монгол Улс бол БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон юм. Солонгосын дайны хүнд үед хоёр тал Элчин сайдын яамаа нээн ажиллуулжээ. Энэ бол бидний өмнөх удирдлагууд хоёр орны харилцаанд ямар их ач холбогдол өгч байсны бас нэг тод илрэл гэж бодож байна. Монгол Улсын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар олон жил ажилласан манай төрийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуу гуай БНАСАУ-д анхны Элчин сайдаар томилогдон ирсэн юм. Солонгосын дайны хүнд үед гадаадын Элчин сайдуудыг гарч явахыг зөвлөхөд манай Самбуу гуай гарч яваагүй үлдсэн байдаг. “Бид нөхдөө орхиод явдаг улс биш ээ. Бид нөхөр Ким Ир Сентэй хамт байна” гэж хэлээд үлдэж дайсны ширүүн бөмбөгдөлтийн дор солонгос нөхөдтэйгөө цугтаа байсан түүх бий.
 
Солонгосын дайны дараа нөр их бүтээн байгуулалтын ажил өрнөх үед БНАСАУ-ын их удирдагч Ким Ир Сен гуай 1956 онд анх удаа Монголд айлчилж очсон байдаг. Үүнийг харахад манай ахмад үеийнхэн хоёр орны харилцааг маш их анхаарал тавьж бий болгосон нь харагддаг. Түүнээс хойш манай хоёр орны харилцаа шалгуурыг дааж, урт удаан хугацаанд үргэлжлэн улам баяжин хөгжиж байгаа гэдгийг цохон тэмдэглэе. Иймээс манай хоёр орны харилцаанд ахмад үеийнхний гавьяа зүтгэл шингэсэн гэж хэлж болно.
 
Энэ удаагийн айлчлал бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөр миний бие дахин сонгогдоод анх удаа гадаадад, тэгэхдээ БНАСАУ-д хийж байгаа төрийн айлчлал юм. Хоёр ард түмний эрх ашигт нийцсэн харилцааг бид цааш улам өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байна. БНАСАУ-ын удирдагч хүндэт маршал Ким Жөн Ын хүчирхэг эдийн засаг бүхий гүрэн байгуулахаар зорилт тавин ажиллаж байгааг бид сайн мэднэ. Энэ зорилгод манай хоёр орны эдийн засгийн харилцаа бүрнээ нийцнэ гэдэгт итгэж байна.
 
БНАСАУ-ын ард түмэн, төр биднийг маш элэгсэг дотно хүлээн авч байгаад баяртай байна. Өчигдөр би БНАСАУ-ын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам болон бусад албаны хүмүүстэй хэлэлцээ хийсэн. Энэ хэлэлцээний үеэр хоёр орны улс төрийн харилцааг эрчимжүүлэх, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах талаар онцлон ярилцсан. Бид ярианыхаа ихэнх цагийг эдийн засгийн хамтын ажиллагаанд хандуулсан. Өнгөрсөн есдүгээр сард хоёр орны Засгийн газрын зөвлөлдөх комиссын хуралдаан Пхеньян хотноо их амжилттай болсныг хэлэхэд таатай байна. Энэ хуралдаанаар хоёр орны эдийн засгийн салбарт хамтран ажиллах гол гол асуудал дээр тогтож ярилцсан байдаг. Ким Ён Нам даргатай бид энэ чиглэлүүдийг улам өргөжүүлж, харилцааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн.
 
Эдийн засгийн харилцааг бэхжүүлэх ямар чиглэлүүд байна вэ гэдэг талаар товч хэдэн зүйл хэлье. Харилцааг цааашид идэвхжүүлэхийн тулд хамтарсан аж ахуйн нэгж байгуулах нь зүйтэй гэж үзэн манай Засгийн газар санал дэвшүүлж, хоёр тал хүлээн авсан. Хамтрах аж ахуйн нэгжүүд, байгууллагууд нэгдсэн бодлоготой, үүрэг чиглэл нь тодорхой, үр дүнтэй ажиллах боломж хамтран концерн байгуулснаар бий болно гэдэгт итгэж байна. Хоёр улсад эдийн засгийн харилцаан дээр бие биеэ нөхөж хамтран ажиллах сайхан боломж байгаа.
 
Монгол Улс бол далайд гарцгүй орон. Бид БНАСАУ-ын дэд бүтэц, далайн боомтуудыг ашиглаж, бусад улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх сонирхолтой байна. Төмөр зам, агаарын болон авто тээвэр, мөн боомт ашиглах чиглэлээр өргөн хамтарч ажиллах боломж бидэнд байна гэж үздэг. Мөн мал аж ахуйн цогцолбор байгуулах шийдвэр солонгосын тал гаргасан байдаг. Энэ салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Монгол бол мал аж ахуйн баялаг туршлагатай орон. Энэ чиглэлээр БНАСАУ-ын залуучууд, мэргэжилтнүүдийг Монголд сургах, мөн манай мал аж ахуйн мэргэжилтнүүд энд ирж хамтарч ажиллах бүрэн боломжтой. Ер нь энэ эдийн засгийн харилцааг гардаж хөгжүүлэх улсууд энд хүрэлцэн ирсэн байна гэж харж байна. БНАСАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх их боломж байгааг манай ард иргэд, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид ойлгож, ийм өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн гэдгийг солонгосын талд хэлж, идэвхтэй яриа, хэлэлцээ өрнүүлэхийг уриалж байна.
 
БНАСАУ-д олон зүйлийг бие дааж үйлдвэрлэж, эдийн засгийнхаа бие даасан байдлыг бэхжүүлэхийг маш анхааран ажилладгийг бид сайн мэднэ. Монгол Улсад ч гэсэн өөрийн нөөц боломждоо тулгуурлан үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хамгийн чухалд тооцогддог. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломж их байгаа. БНАСАУ-д олон технологи бий. Түүний нэг нь нүүрс, шохойн чулуунаас хиймэл даавуу болон 30 гаруй төрлийн материал гаргаж авдаг өвөрмөц технологи гэдгийг бид сайн мэднэ. Монгол Улс шохойн чулуу, нүүрсний маш их нөөцтэй. 1988 онд Ким Ир Сен дарга Монголд хоёр дахь удаагийн айлчлал хийхдээ ийм үйлдвэрлэлийг бий болгож хөгжүүлэх талаар маш их анхаарал тавьсан байдаг. Энэ зорилгоор БНАСАУ-ын их сургуульд 22 хүнийг сурган бэлдсэн байсан. Үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломж бий. Энэ төслийг хэрэгжүүлэхээр бид анхааран ажиллах хэрэгтэй юм. Монгол Улс цөлжилтийн аюулд өртөж байгаа орон. БНАСАУ-ын ард иргэд тариалан эрхлэх, мөн мод зүлэг тарих чиглэлд маш туршлагатай. Ийм чиглэлээр хамтарч ажиллаж болно. Манай олон аж ахуйн нэгж БНАСАУ-аас мэргэжилтэй ажиллах хүчин авах сонирхолтой байдаг. Цаашид хөгжихийн хэрээр Монгол Улсад ажиллах хүчин дутагдах магадлалтай. Тийм учраас сайн зохион байгуулалттай, өндөр мэргэшилтэй ажиллах хүч авч ажиллах сонирхол байгаа юм.
 
БНАСАУ бол манай далайд гарах хамгийн дөт зам гэдгийг харж байна. Монгол Улсаас онгоцоор хоёр цаг дөчин минут нисээд ирж байна. Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа. БНАСАУ-д цанын том бааз байгуулагдаж байгааг бид мэднэ. Мөн далайн эргийн наран шаралгын болон амралтын газрууд олон байдгийг мэднэ. Энэ чиглэлээр хамтран ажиллах, энд амрах боломжийг манай иргэд бүрэн ашиглана гэж бодож байна. Соёл, спортын салбарт уламжлалт харилцаа бий. Энэ харилцааг улам их өргөжүүлэхийг бид эрмэлзэж байна. Авьяаслаг сурагч, хүүхдүүдээ харилцан солилцох, спортын хамтарсан дасгал сургуулилт хийх, соёлын байгууллагуудын солилцоог өргөжүүлэх боломж байна. Хоёр орны хамтран ажиллагсад эдийн засгийн асуудлаар хамтарсан уулзалтууд хийвэл бид маш их ач холбогдол өгч оролцох болно.
 
Ингээд манай ажил хэрэгч хүмүүсийн уулзалт их амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Монгол Улс, БНАСАУ-ын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд анхаарал тавьж ажиллах болно. Энэ бол манай хоёр орны ард иргэдийн эрх ашигт нийцэж байгаа гэдгийг төгсгөлд нь хэлье” гэв гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш