Ажилчны гудамжин дахь Дунд голын доод гүүрийг хос болгон шинэчлэх ажлын хүрээнд баруун талын гүүрийг шинээр барьж, нийслэлийн ойн өдөр ашиглалтад орууллаа. Нийслэлийн автозамын газрын захиалгаар Солонгосын “Сүсон инженер” компани зөвлөж, Монголын “ЗМЗ” ХК-ийн 3 сарын хугацаанд гүйцэтгэсэн 65 метр урттай, 9 метр өргөнтэй замыг нээлээ. Хэдийгээр гэрээт хугацаанаасаа өмнө ашиглалтад өгч, Солонгосчуудын зөвлөгөөгөөр ажилласан ч хийсэн ажилдаа эзэн сууж эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд 100 хувь хариуцаж ажиллана гэдгээ гүйцэтгэгч компани амлаж байгаа юм. Энэ удаад “Дунд голын гүүр” нь Гурвалжингийн гүүрийн нэг урсгалын чиглэлээр нээгдэж байгаа бөгөөд дараа жил эсрэг урсгалын гүүрийг шинэчлэн байгуулна. Ингэснээр автозамын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна. Гүйцэтгэгч байгууллагын зүгээс тус замыг замын хөдөлгөөнд оролцогсдод саад болохгүйн үүднээс богино хугацаанд дуусгасан ч чанар стандартыг дээд зэргээр хангаж, төмөр бетон суурьтай хийж гүйцэтгэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.