Ийм асуулт иргэдээс байнга ирж, хэвлэл мэдээллээр байнга яригддаг. Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд С.Оюун 2012 оны 9 дугаар сарын 27-ний өдөр А-22 тоот тушаалаа гаргаж, Богд ууланд газар ашиглуулах шийдвэр гаргахыг түр зогсоосон. Энэ тушаал 2014 оны сарын 7-р сарын 1-ний өдөр хүртэл хүчинтэй үйлчилнэ. Энэ хугацаанд Богдхан уул болон түүний хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай БОНХ-ийн Сайд С.Оюуны гарын үсэгтэй нэг ч тушаал гараагүй байна.
Гэтэл яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Богдхан уулын амуудад байшин барилга барьж байгаа тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаас тасрахгүй байна вэ? Эндээс ганцхан жишээ дурьдахад, Time.mn сайтын 2013 оны 10-р сарын 20-ны өдрийн “Хийморийн овооны баруун сугад баячууд байшингаа сүндэрлүүлж байна” гарчигтай нийтлэлд Дархан цаазат Богдхан уулын Яармагийн гүүр талаасаа Хийморийн овоо тийш өгсөх аманд Загконстракшн компани барилгын суурь цутгаж байгаа тухай мэдээлэл гарсан билээ. Бид Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д. Шинэхүүгээс тайлбар авахад “БОАЖ-ын Сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-11 тоот тушаалын дагуу иргэн Д.Цэндсүрэн 1 га газар ашиглах зөвшөөрөл авсан. Иргэн Д.Цэндсүрэн ТХНУГ-аас 2012/13 тоот газар ашиглах гэрчилгээ авч , Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Шинэхүү, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нартай гурвалсан гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээг ТХНУГ-ын дарга А.Намхай баталжээ. Иргэн Д.Цэндсүрэн нь аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газраар батлуулсан байна” гэсэн хариуг холбогдох бичиг баримтын хуулбарын хамт ирүүлсэн юм.
Ийм баримтыг олноор дурьдаж болох бөгөөд зөвхөн 2002-2012 оны хооронд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуучлал эрхлэх, 193 иргэн зуслангийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан байдаг. Нэг ёсондоо зөвшөөрлөө нэгэнт авсан иргэн, аж ахуйн нэгж барилга байшингаа эдүгээ ч барьсаар байна. Газар ашиглуулах зөвшөөрлийг нэг удаа 5 жилээр олгодог, гэрээний үүргээ биелүүлсэн эсэхийг харгалзан цаашид сунгадаг.
Харин зөвшөөрөл авсан этгээд улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр аж ахуй эрхлэх, байшин барилга барих үйл ажиллагаагаа хууль журмын дагуу явуулж байна уу гэвэл асуудал өөрөөр сөхөгдөнө. Газрыг гэрээний нөхцлийн дагуу ашиглаагүй, зориулалтыг өөрчилсөн, газрын хэмжээг хэтрүүлсэн, Газрын тухай хууль, ТХГН-ийн тухай хуулийн холбогдох заалт зөрчигдсөн тохиолдолд гэрээг ч, газар ашиглах зөвшөөрлийг ч хүчингүй болгоно гэж гэрээнд заасан байдаг аж. Түүнчлэн газар ашиглах гэрээг жил бүр дүгнэх, газар ашиглалт, хамгаалалтын байдалд байнгын хяналт тавих, түүнийг хамгаалах, ойг нөхөн сэргээх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэл, даалгавар өгч биелэлтийг хангуулах эрх үүргийг Богдхан уулын Хамгаалалтын захиргаа хүлээсэн байна. Зөвшөөрөл авсан этгээд Газрын тухай, ТХГН-ын тухай, Байгаль хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг мөрдөнө, газрыг зориулалтын дагуу байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглана, газрыг нөхөн сэргээж хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгнө зэргээр эрх үүргээ нэлээд тод тодорхойлж, гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарсан байдаг.
Гэтэл БОНХ-ийн Сайдын тушаалаар байгуулагдан ажилласан ажлын хэсгийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Богдхан уулын Дархан цаазат газрын газар ашиглалтын байдалд хийсэн дүгнэлтэд “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 92 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явулахаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн ч газар ашиглалтын зориулалтыг өөрчлөн орон сууцны хороолол, барилга байгууламж, хувийн орон сууц барьж, улмаар иргэдэд үл хөдлөх хөрөнгө болгон худалдсан байна” гэжээ. Мөн дээрхи ажлын хэсэг газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй нийт 141, газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа дууссан 70 иргэн, аж ахуйн нэгж байгааг шалгалтын явцад илрүүлжээ. Түүнчлэн дархан газрын дэглэм зөрчиж, хамгаалалтын бүсэд 9 иргэн, онгон бүсэд 2 аж ахуйн нэгжид газар ашиглах зөвшөөрөл ч олгосон байж.
Ажлын хэсгийн дүгнэлтэд нэгэн анхаарал татсан асуудал байгаа нь Газрын тухай болон ТХГН-ийн тухай хуульд заагаагүй байхад Байгаль орчны Сайдын 2001 оны 218 тоот тушаалаар баталсан “Монгол Улсын ТХГН-т газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ын 4.1.д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж болно. Гэрээг БО-ны Сайд батална” гэсэн хууль давсан заалт оруулжээ. Энэхүү журмын дагуу хэд хэдэн компани ашиглах талбайн хажуугаар түүнээс хэдэн арав дахин хариуцан хамгаалах талбай авч урт хугацааны хөрөнгө оруулалт хийн, түүндээ үйл ажиллагаа явуулдаг байна.
Хуулиас давж гарсан шийдвэр, шийдвэрийн хүрээнд хийсэн гэрээ, түүний биелэлтэд хяналт тавих, шаардах, цуцлах гээд бүхий л үйл ажиллагаа шат дараалан явагдаагүйгээс өнөөдөр Богдхан уулын Зайсан, Арцат, Нүхтийн амны газар байшин барилгаар дүүрч, хөрс нь эвдэрч, зарим ургамал устаж үгүй болжээ. Ан амьтад ч дайжиж одсон байна. Замбараагүй барилгажилт нь зам, гарц, нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж, айлууд усны гольдрол, үерийн усны аюултай газар, усны эрүүл ахуйн бүсэд буусан нь иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Энэ бүх сөрөг үр дагаврыг зогсоох, шийдвэртэй арга хэмжээ авах үүднээс БОНХ-ийн Сайд С.Оюун Богд ууланд газар ашиглуулах шийдвэр гаргахыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр түр зогсоосон. Яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, үйл ажиллагаа явуулах, аялал жуулчлал, сувиллын газрын стандарт боловсруулах, хамтын менежмент, тогтвортой санхүүжилт зэрэг олон асуудлаар Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад эрх зүйн актад өөрчлөлт оруулахаар олон нийт, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд бүсчилсэн хэлэлцүүлгийг амжилттай явууллаа. Ирэх онд ТХГН-ийн талаархи эрхзүйн хүрээнд өөрчлөлт, хууль, журмын зөрчлүүдийг арилган, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаанд дорвитой шинэчлэл хийхээр ажиллаж байна.
БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн алба