logo
НҮБ: Хөгжиж буй орнуудад 5 охин тутмын 1 нь 18 хүрэхээсээ өмнө төрж байна

НҮБ: Хөгжиж буй орнуудад 5 охин тутмын 1 нь 18 хүрэхээсээ өмнө төрж байна

2013/11/05
Энэтхэгт амьдардаг Комол охин сургуульдаа үргэлжлүүлэн сурч, коллежид явахыг хүсдэг байсан ч эцэг эх нь түүнийг хүчээр гэрлүүлжээ. Дөнгөж 16 настайдаа жирэмсэн болсон түүнийг хадмууд нь гэрээс бараг гаргахаа больсон байна. Энэ бол хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа жишээнүүдийн нэг юм. НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт танилцуулсан тайланд онцолсноор өнөө үед хөгжиж буй орнуудад нийт насанд хүрээгүй охидын 19 хувь нь 18 хүрэхээсээ өмнө төрж байгаа ажээ. Жилд нийтдээ 7.3 сая охид нярайлдаг бөгөөд тэдний 2 сая орчим нь 14 хүртэлх насныхан байна. Тэдний ихэнх нь өөрсдийн хүслээр биш бусдын шахалтаар, өөр сонголт, өөр боломж нөхцөл байгаагүйгээс ийм байдалд орж байгааг НҮБ-ын мэргэжилтнүүд хэлж байна. 

Голцуу баруун Африкийн орнуудад 18 нас хүрээгүй охидын төрөлт хамгийн их бүртгэгджээ. Тухайлбал төрж буй нийт эмэгтэйчүүдийн дунд насанд хүрээгүй охидын эзлэх хувь Нигерт 51%, Чад 48%, Мали 46%, Гвиней 44% гэсэн үзүүлэлтийг НҮБ гаргав. Зарим орны иргэд охин үрээ өрөө төлөх, бусад гэр бүлүүдтэй холбоо харилцаа бэхжүүлэх төдийхөнд ашиглаж байгаагаас гадна охидоо мөнгөөр худалдах тохиолдлууд ч мэр сэр гарч байгаа юм байна. НҮБ –ын Хүүхдийн Сангаас мэдээлснээр жил бүр 70,000 охид жирэмслэлт болон төрөлттэй холбоотой шалтгаанаар амиа алддаг ажээ. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш