logo
Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын хэргийг шилжүүлжээ

Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын хэргийг шилжүүлжээ

2013/11/07
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс харьяаллын дагуу Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгуулахаар шилжүүлжээ.

Түүнийг 2004 онд манай улсад ирээд сураггүй болсон ХБНГУ-ын иргэн Масимлян Лёонхарт Клойбертэй холбоотой хэрэгт шалгаж буй гэх бөгөөд  Рудегер Ричард Вольтер хэмээх хуурамч нэрээр манай улсад ирсэн М.Л.Клойбер нь улсынхаа банкийг залилан 12 сая евро өвөртлөн хувийн онгоцоор ирсэн байдаг.  Тэрбээр Монголд тансаг амьдарч, хамтран амьдрагч монгол бүсгүйдээ Зайсанд дээд зэрэглэлийн орон сууц, үнэтэй машин авч өгсөн гэдэг.

Монголд нуугдаж байхдаа тэрбээр Д.Цогтбаатартай ойр дотно холбоотой байсан гэх. Харин хурандаа Д.Цогтбаатарын эхнэр үүнийг үгүйсгэж “Энэ хугацаанд манай нөхөр Москвад байсан” гэж хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан.

Хурандаа Д.Цогтбаатарын хэргийг шалгах үеэр улсын нууцтай холбоотой асуудал гарч ирсэн учир түүнд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгуулахаар шилжүүлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш