logo
МАН-ын бүлэг яаралтай хуралдлаа

МАН-ын бүлэг яаралтай хуралдлаа

2013/11/07
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаад, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй байх байр суурьт нэгджээ. Уг хуулийн төсөлд ирэх онд Монгол Улсын өрийг ДНБ-ний 60 хувьд хүргэх тухай асуудал багтаж байгаа юм. Харин цөөнхийн бүлэг Монгол Улсын өрийн хэмжээ нэмэгдэх нь эдийн засагт хүнд дарамт учруулна гэж үзэн дээрх шийдвэрт хүрсэн байна.

Энэ асуудал өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх байсан ч хэлэлцэх асуудлын дараалалд орж ирээгүй байлаа. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт энэхүү хуулийн төслийг хэлэлцэх болоход бүлгүүдийн байр суурь нэгдээгүй байна гэж үзсэний зэрэгцээ УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын гадаад өрийг нэмэгдүүлэх асуудалд нухацтай хандах ёстой. Үүнээс өөр альтернатив шийдэл байна уу гэдгийг ажлын хэсэг болоод намын бүлгүүд судлах ёстой” гэх даалгаврыг өгч байсан юм. Гэсэн ч асуудал дахин хойшилж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан дууссан тул одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 74.5 хувийн саналаар баталлаа.

Одоо уг хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш