logo
Эрүүл мэндийн салбарт шинэ технологи, шинэ үйлчилгээнүүд нэвтэрлээ

Эрүүл мэндийн салбарт шинэ технологи, шинэ үйлчилгээнүүд нэвтэрлээ

2013/11/09

Монголын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулсан цогц шинэчлэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдлээ. Засгийн газрын нөөц хөрөнгөөс 4,3 тэрбумыг зарцуулж тус эмнэлгийн 10 тасгийн багаж, төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэн өнөөдрөөс үйлчилгээнд гаргаж байна. Ингэснээр манай улсын ууган эмнэлэг орчин үеийн эмчилгээ, оношилгооны жишиг эмнэлэг болж,  үйлчилгээний чанарын хувьд ч хөгжингүй орнуудын түвшинд хүрч байгааг салбарынхан онцолж байна. "Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн оны эхнээс эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч, менежментийн дорвитой шинэчлэл эхлүүлсний нэг том үр дүн энэ юм" гэж I эмнэлгийн дарга Б.Бямбадорж тодотголоо.

“Ард иргэддээ хүргэх эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулахад бид эхлээд анхаарлаа. Удахгүй эрүүл мэндийн удирдлага, санхүүжилтийн тогтолцоонд бодлогын томоохон өөрчлөлт гаргана. Эмнэлгийн байгууллагын удирдлагыг Засгийн газар, сайд томилохоо больж, олон улсын хэмжээнд мөрдөгддөг бүтэц тогтолцоонд оруулна, эрүүл мэндийн санхүүжилтийг зах зээлийн зарчимд нийцүүлнэ” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Төв эмнэлэгт суурилуулсан шинэ тоног төхөөрөмжүүд эмчилгээ, үйлчилгээний ачааллыг бууруулахад том алхам болно. Өмнө нь 5-6 цаг хийдэг байсан ариутгалыг өнөөдөр шинээр нээгдсэн Ариутгал, халдваргүйтгэлийн тасагт ердөө 15-30 минутад багтдаг болж байх жишээтэй. Тусламж, үйлчилгээний шат дамжлагыг цөөлөх, цахимжуулах зэрэг зохион байгуулалтын шинэчлэлүүд энд бас хийгдэж байна. Үзлэг, оношилгоо хийлгэхээр ирсэн иргэдээс авдаг олон төрлийн “байцаалт”-ыг цахимжуулахад л эмнэлгийн байгууллагын зохиомол ачаалал 40 хүртэл хувь буурна гэж салбарынхан тооцоолжээ. 

Улсын хэмжээнд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эрдэм шинжилгээний ажил эрхэлж, бүх шатлалын эмнэлгийн байгууллагад мэргэжил, арга зүйн тусламж үзүүлдэг тус эмнэлгийнхэн шинэ технологи, шинэ үйлчилгээгээ үйлчлүүлэгчид болон мэргэжил нэгтнүүддээ танилцуулж санал солилцохоор өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Нээлттэй өдөрлөгт зочилсноор дараах тасгуудад хийсэн шинэчлэлтэй танилцах боломжтой.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийсэн шинэчлэл:

  • 1.    Эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрэн шинэчлэл
  • 2.    Гемодиализын орчин үеийн стандарт-менежментийн шинэчлэл
  • 3.    ICU-Эрчимт эмчилгээний үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тоног төхөөрөмж, зохион байгуулалтын цогц менежмент
  • 4.    Эд нийцэл, молекул генетик, гистологи, эмнэлзүйн бактериологийн лаборатори
  • 5. Евро стандартад нийцсэн ариутгалын ваакум өрөө, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан Ариутгал, халдваргүйтгэлийн шинэ тасаг
  • 6.    Судсан доторх мэс ажилбарт радиологийн технологи
  • 7.    Ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах ваакум иж бүрдэл тоног төхөөрөмж бүхий шинэ төв
  • 8.    Түнх болон өвдөгний үе шилжүүлэн суулгах хагалгааны технологи
  • 9.    Хэвлийн хөндийн дурангийн хагалгаанд (улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс г.м) нэвтэрсэн дурангийн шинэ технологи
  • 10.  Эрхтэн  шилжүүлэн суулгах (элэг, бөөр) мэс заслын технологи, хагалгааны дараах орчин үеийн ICU-ийн үйл ажиллагаа

Дэлхийн жишигт нийцсэн шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглах эмч, эмнэлгийн ажилтнуудаа өнгөрсөн хугацаанд тус эмнэлгийнхэн гадаад, дотоодод сургаж дадлагажуулсан тул нээлттэй өдөрлөгийн үеэр мэргэжил нэгтнүүдтэйгээ туршлагаасаа хуваалцах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш