Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д 2013 оны 11 дүгээр сарын 1-8-нд 700 гаруй санал, хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Үүний 50 орчим хувь нь эрүүл мэнд, боловсрол, халамж үйлчилгээ, нийслэлийн асуудал байлаа.
Боловсролын салбарын гол асуудал нь сурагчдын дүрэмт хувцас. Дүрэмт хувцас аваагүй байгаа сурагчдын хувьд энэ хичээлийн жилд хуучин хувцсаа өмсөж болно гэсэн мэдээллийг БШУЯ өгчээ.
Эрүүл мэндийн салбарын хувьд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч, ажилтнууд эсэргүүцэл зарлаж байгааг яаралтай шийдэхгүй бол өвчтэй хүмүүс хохирч байгаа талаар “11 11” төвд хэлжээ. Тус төвийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэр гарсан гэсэн хариуг Эрүүл мэндийн яам өгсөн байна. Мөн эмч ажилтнуудын ажлын хариуцлагагүй байдлын талаар гомдол шүүмжлэл ирүүлжээ.
Ирэх онд тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэсэн санал нэлээд ирсэн байна. Хөдөлмөрийн яам “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр хийж байна. 2014 оны төсөв батлагдахаас өмнө шийдэгдэнэ” гэсэн хариу өгчээ.
Малчдын ноосны урамшууллын мөнгийг хэзээ олгох вэ гэж орон нутгаас холбогдсон байна. ҮХААЯ энэ жилдээ багтаан олгогдоно гэж хариулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах албанаас мэдээллээ.