logo
“Ахмадын орон сууц”-ны эхний ээлжийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

“Ахмадын орон сууц”-ны эхний ээлжийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

2013/11/11

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнгөрсөн Баасан гарагт боллоо. Хуралдаанаар нийслэлийн хөрөнгөөр барьсан 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх, Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Гэр хорооллыг орон сууцжлуулах хөтөлбөрийн дагуу Сүхбаатар дүүргийн 11-р хороонд дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхийг түр суурьшуулах зориулалтаар 300 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан.

Энэхүү орон сууцыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн Ахмадын орон сууцны түрээсийн байр хэлбэрээр ашиглахаар шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу 300 айлын орон сууцны барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан 10,975,000,000 төгрөгийн өртөг бүхий 300 айлын орон сууцны барилга нь төмөр бетон суурьтай, каркас хийцлэлтэй 15 давхар орон сууцны 2 блок, газар доорх автомашины гараж гэсэн блок 3 барилгаас бүрдэнэ. 22,5*62,0 хэмжээтэй энэхүү барилгын түрээслэх талбай нь 9406 ам метр бөгөөд 440 ам метр хүүхдийн тоглоомын талбайтай юм.

1-р давхартаа 26-27 ам метр талбай бүхий 1 өрөө 10 айл, 2-15 давхаруудад 22-32 ам метр талбай бүхий 10 айлын нийт 300 айлын орон сууцны барилга юм. Өнөөдрийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл 98 хувьтай байна. Энэхүү цогцолбор барилгыг 10-р сард улсын комисс хүлээж авсан байна. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцэн 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил ашиглалтад хяналт тавьж, гарах зардлыг төсөвт суулгаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.

Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Баянгол дүүргийн 3-р хороог дамнан баригдсан “Нарны гүүр”-ийн байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай танилцуулсан юм. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Нарны гүүр”-ийн 2010-2012 онд барьж, ашиглалтад оруулсан.

Энэхүү байгууламжийн Ерөнхий гүйцэтгэгчээр Япон улсын “JFE Engineering” корпорацийн гаргаж өгсөн гүйцэтгэлээр 49,6 тэрбум төгрөгийн өртөгөөр баригджээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Нарны гүүрийн ашиглалт, хамгаалалтыг ямар байгууллага хариуцах талаар тодруулахад Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хариуцан ажиллана гэдгийг хэлсэн.

Мөн аливаа барилга байгууламжийг гүйцэтгэгчээр ажиллаж буй байгууллага ашиглалт хамгаалалтыг 3 жил хариуцан ажилласны дараа нийслэлийн өмчид бүртгэн авах хэрэгтэй онцлон хэлсэн юм. Энэхүү байгууламжийн асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт хадгалалт арчлалтын зардлыг жил бүрийн төсөвт суулган батлуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш