logo
“Хөрөнгө оруулалтын газар”-ыг байгуулна

“Хөрөнгө оруулалтын газар”-ыг байгуулна

2013/11/11

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж,  дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээнд нийт 250 орчим агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагаа, арга барил, үр ашгийн хувьд олон улсын сайн туршлагын түвшинд хүртэл бэхжүүлэх, хөгжүүлэх шаардлагатай байгаа. Иймд Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг байгуулахаар тогтлоо. Тус газар нь хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцлийг хөрөнгө оруулагчдад сурталчлах, шалгуур хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох зэрэг Хөрөнгө оруулалтын тухай хуулинд заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ. 

Хөрөнгө оруулалтын газар нь Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын суурин дээр байгуулагдаж байгаа бөгөөд Хөрөнгө оруулалтын хуульд зааснаар зарим чиг үүргээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, зарим шинэ чиг үүргийг хэрэгжүүлэх юм. Шинэ агентлагийн ажлын байрыг Эдийн засгийн хөгжлийн яамны орон тооны хязгаарыг нэмэгдүүлэхгүйгээр зохион байгуулж, сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтэс, хөрөнгө оруулалтын үнэлгээний хэлтэс, захиргаа, хүний нөөцийн хэлтэс гэсэн 3 нэгжтэй, нийт 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Тус газрын эд хөрөнгө, үйл ажиллагаа болон ажиллагсдын цалингийн сантай холбогдох санхүүжилтийг балансаас балансад шилжлүүлэх юм. Эдийн Засгийн хөгжлийн яамны 2014 оны төсөвт Хөрөнгө оруулалтын газрын санхүүжилтийг тусгаж, УИХ-д өргөн барьжээ.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш