Дэлхий дээрх хамгийн том улс төрийн байгууллага болох Хятадын Коммунист нам байгуулагдсаны 90, Монголын ууган намын 90 жилийн ойн хүрээнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Хятад айлчилж байна. Энэхүү айлчлалын зорилго нь намуудын 90 жилийн ойд зориулсан онол практикийн бага хуралд оролцож, Хятад улсын бүтээн байгуулалттай танилцах юм байна. Онол практикийн бага хуралд МАН-ын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нар илтгэл тавив. Мөн МАН-ын төлөөлөгчид ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотын хөгжлийн төлөвлөлтийн үзэсгэлэн үзэж сонирхов. Энэ өдөр мөн Өвөр Монголын музейтэй танилцлаа. Музей үүднээсээ эхлээд л үлэг гүрвэлийн араг ясаар бийлэгжүү гэдгээ илтгэсэн үзмэрүүдээ өрсөн байв. Азийн хамгийн том үлэг гүрвэлийн олдвор эднийд байдаг. Дийлэнх нь 1980-аад оны археологийн ажлын үр дүн гэж танилцуулжээ. Төлөөлөгчдийн айлчлалын албан ёсны хэсэг буюу хоёр намын хамтарсан онол практикийн бага хурал өнөөдөр эхэлнэ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан айлчлалын бүрэлдэхүүнд намын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Су.Батболд, Ч.Хүрэлбаатар, Х.Жекей, Т.Бадамжунай, Г.Мөнхбаяр, Д.Сарангэрэл, Ж.Цолмон нарын 20 гаруй төлөөлөгч оржээ.
www.shuum.mn
www.shuum.mn