УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж төслүүдийг эцэслэн баталсны дараа “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны танилцуулгыг гишүүн С.Баярцогт танилцуулав. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан хэд хэдэн гишүүн тогтоолын төсөлд улсын төсвийн урсгал зардлыг хэмнэсэн тохиолдолд түүнийг ажилтан, албан хаагчдын үр дүнгийн урамшуулалд зарцуулах эрхийг төсвийн захирагч нарт олгох журам батлан мөрдүүлж ажиллахаар тусгасан талаар асууж тодруулсан юм. Тухайлахад гишүүн Д.Лүндээжанцан энэ заалт нь өөрсдийн байгууллагын өмнө тавьсан зорилтыг хэрэгжүүлээгүй байж хэмнэлт гаргахыг хичээх, эсвэл урсгал зардлаа өндөр тусгуулж чадсан овсгоо хөөцөлдлөгөөтэй нь урамшуулал авах гээд байж болох учраас журмыг тодорхой болгох хэрэгтэйг сануулж байв. Мөн гишүүн Б.Бат-Эрдэнэ дарга нар ойр дотно хүмүүсээ гадаадад аялуулж зугаацуулдаг, хувь хишиг хүртээдэг явдал газар авах хандлагатай байгаа тул журамд онцгой анхаарах, нөгөө талаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд урсгал зардал нь хүрэлцдэггүй төсвийн байгууллагад хэмнэлт гарна гэж ерөөсөө байхгүй учраас бодитой хандах хэрэгтэй байна гэдгээ хэлж байв. Харин УИХ-ын дарга З.Энхболд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, зардлаа хэмнэсэн тохиолдолд нэмэгдэл урамшуулал олгож болохоор тогтоолын заалтыг өөрчлөн найруулах боломжтой эсэхийг тодруулахад байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ нь найруулгын шинжтэй санал учраас төслийн хэлэлцүүлгийн энэ шатанд оруулах боломжгүй юм гэсэн хариулт өгөв. Иймээс урамшуулалтай холбоотой асуудлыг хуралдааны протоколд тэмдэглэж, энэ талаар гаргах журамд анхаарч тусгах үүргийг Засгийн газарт өгөхөөр тохиров.
Мөн гишүүн Х.Тэмүүжин, Ж.Батзандан, Ц.Нямдорж нар асуулт асууж тодруулах үедээ ирэх оны төсвийн хуульд “0” дүнтэй туссан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоож хэрхэн санхүүжүүлэх асуудлыг төсвийн тодотгол хийх хүртэл хойшлуулж байгаа нь цаг хугацаа их алдах, дахиад он дамжсан ажил болж сунжирахад хүргэж мэдэхээр байгаа тул аль болохоор хугацааг нь шахаж намрын чуулган завсарлахаас өмнө төсөвт тодотгол хийхэд анхаарах хэрэгтэйг хэлж байв. Энэ талаар УИХ-ын дарга намрын чуулганы хугацаанд багтааж төсөвт тодотгол хийх талаар анхаарч Үндэсний аудитын байгууллагыг аль болохоор шахаж ажиллуулах хэрэгтэй байгаа, түүнчлэн Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт гарган УИХ-д оруулж ирж шийдвэрлүүлэх үүргийг Засгийн газарт өгч байгааг хэлсэн юм.
Ингээд “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 46 нь буюу 74.2 хувийн саналаар тогтоол батлагдлаа.
Уг тогтоолын төсөлд Монгол Улсын төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөлд бодитой дүгнэлт хийж, төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, түүнд тавих хяналтыг чатгатгах шаардлагатай байгааг тэмдэглээд улсын төсвийн урсгал зардлыг хэмнэсэн тохиолдолд түүнийг ажилтан, албан хаагчдын үр дүнгийн урамшуулалд зарцуулах эрхийг төсвийн захирагч нарт олгох журам батлан мөрдүүлж ажиллах, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоосны дараа тэдгээр төсөл, арга хэмжээний санхүүжилтийн саналаа төсвийн тодотголд тусган 2014 оны 4 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлын 2008 оны 47 дугаар тогтоолоор батлагдаж, эргэн төлөх нөхцөлтэйгөөр хэрэгжсэн төслүүдийн гүйцэтгэлийг үндэслэн улсын төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллах, Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголоор хасагдсан, 2014 оны улсын төсөвт тусгагдаагүй болон бусад зам тээвэр, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөвт цалин, урамшууллыг 15 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүгчдийн цалин, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурлаар батлуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиудад “0” дүнтэйгээр тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоож, дүгнэлт гарган 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулахыг Үндэсний аудитын газарт тус тус даалгахаар тусгасан байна.