logo
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиудыг баталлаа

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиудыг баталлаа

2013/11/15

УИХ-ын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.

  УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулсны дараа Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг зүйл, заалт бүрээр нь уншиж санал хураалгалаа.

  Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль нь Монгол Улсын 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.

  Улсын Их Хурал Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4 их наяд 676 тэрбум 370.5 сая төгрөг, Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлагын хэмжээг 5 их наяд 594 тэрбум 785.9 сая төгрөг байхаар баталлаа. Мөн Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 1 их наяд 143 тэрбум 275.5 сая төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын 2014 оны төсвийн санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29 тэрбум 799.6 сая төгрөгөөр батлав.

  Ирэх оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинээр болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих 1 их наяд 400 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах, шинээр 289 тэрбум 971.1 сая төгрөгийн Засгийн гадаад төслийн зээл авах замаар санхүүжүүлэхээр тогтов. Мөн ирэх онд Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2 их наяд 500 тэрбум төгрөгөөс илүүгүй байхаар тогтоолоо.

  Ирэх оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг нийт дүнгээрээ 159 тэрбум 170.7 сая төгрөг, харин 2014 оны төсвийн жилд орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын нийт хэмжээг 71 тэрбум 338.5 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн нийт хэмжээг 284 тэрбум 400.8 сая төгрөг байхаар батлав.

  Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталлаа. Ирэх онд төсвийн хөрөнгөөр 2 их наяд 567 тэрбум 529.1 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхэд 1 их наяд 143 тэрбум 275.5 сая төгрөг зарцуулахаар болж байна.

  Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 42 нь буюу 79.2 хувь нь дэмжлээ.

  Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулиудын төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж эцэслэн батлав. Нийгмийн даатгалын санд ирэх оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх нийт орлогыг 1 их наяд 567 тэрбум 337.7 сая төгрөг, нийт зарлагыг 1 их наяд 289 тэрбум 289.2 сая төгрөг, харин Хүний хөгжил сангийн төсөвт төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 549 тэрбум 780 сая төгрөг, төсвийн зарлагын хэмжээг 312 тэрбум 064.2 сая төгрөг байхаар батлав. Ирэх оны төсвийн жилд Хүний хөгжил санд мөнгөн орлого хуримтлуулахгүй юм байна.

  Энэ үеэр гишүүн С.Баярцогт, Ц.Нямдорж нар Хүний хөгжил сангийн хөрөнгөөр барилга байгууламж барьдаг явдлыг зогсоох нь зүйтэй, иймээс Засгийн газар Хүний хөгжил сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг ирэх онд төсвийн тодотгол хэлэлцэх үеэр өөрчлөх төслөө оруулж ирэх хэрэгтэй гэсэн санал гаргалаа. Гишүүн Ц.Даваасүрэн ч энэ саналыг дэмжиж буйгаа хэлсэн юм.

  Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын гишүүдэд болон ажлын хэсгийн гишүүдэд талархлаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш