Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Кувейт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Иатим Аль Фадли, ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Турк улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагез нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдуудыг хүлээн авч уулзав.
Кувейт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Иатим Аль Фадлитай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итгэмжлэх жуух бичгээ барьсанд нь баяр хүргээд “Монгол Улс, Кувейт улс маш сайхан харилцаатай. Кувейт улс, түүний Эрхэмсэг дээд Эмирийн зүгээс хоёр орны харилцаанд сэтгэл тавьж байдагт талархаж байдаг” гэлээ. Ноён Халид Иатим Аль Фадлийг Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны харилцаа улам бүр хөгжин бэхжинэ гэдэгт найдаж буйгаа мөн илэрхийлэв.
Элчин сайд Халид Иатим Аль Фадли Монгол Улсын Ерөнхийлөгчид Кувейтийн Эмир, эрхэмсэг шейх Сабах Аль Ахмед Аль-Жабер Аль-Сабах болон тус улсын Парламентын дарга, Ерөнхий сайд нарынчин сэтгэлийн халуун мэндчилгээг уламжилж, Монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлт хүссэнийгдамжууллаа.
ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, ОХУ-ын харилцаа нь ахмад үеийнхний цус, хөлсөөр гагнагдсан он удаан жилийн уламжлалт найрсаг харилцаа болохыг тэмдэглэж байлаа. Энэхүү харилцааг цааш өргөжүүлэх шинэ шатанд Элчин сайдаар томилогдон ирж байгаад нь ноён Искандер Кубарович Азизовт баяр хүргэсэн юм.
Элчин сайд И.С.Азизов Монгол Улсын Төрийн тэргүүнээр дахин сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргээд хоёр орны харилцааг цааш гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв. Мөн ирэх 2014 онд тохиох Халх голын ялалтын 75 жилийн ойг хоёр тал хамтран тэмдэглэх талаар дурдаж, энэ арваннэгдүгээр сарын 25-26-нд Москвад болох Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанд ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Турк улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагезийг хүлээн авч уулзахдаа Элчин сайдаар томилогдон ирсэнд нь баяр хүргээд хоёр орны харилцаа амжилттай хөгжиж, Ерөнхий сайд Т.Эрдоаны зүгээс үүнд байнга анхаарал тавьж байдгийг дурдав.