Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтыг хааж үг хэлэв.
Бид хийх ёстой ажлаа хийж байна
Бид олон жил ярьсан ажлаа өнөөдөр энд цуглаж ярилцаж байгаа. Энд хүн бүрийн хувь нэмэр бий. Энэ ажлыг санаачилж зохион байгуулах үүрэг нь шийдвэр гаргагч бидэнд байгаа. Тийм учраас бид хийх ёстой ажлаа өнөөдөр хийж байна. Төгсгөлийн хуралдаанд зориулж тусад нь өмнө нь үг бэлдсэн зүйл байхгүй. Таван салбар хуралдааны үйл ажиллагааг товчхон ажигласан. Хамгийн гол тэмдэглэмээр, их баярламаар зүйл нь хүмүүс маш идэвхтэй оролцож байсан. Таван заал тавуулаа дүүрэн. Үг хэлж байгаа, санал хэлж байгаа улсууд асар их ажил хэрэгч ярьж байсан. Энд гарсан саналуудыг Тамгын газар дээрээ нэгтгээд цаашаагаа хэлэлцүүлэгт оруулж явъя гэсэн бодолтой байна.
Жишээлбэл, хэвлэл мэдээллийнхэн өмчийн эрхийн асуудлаар сая ярьж байна. Манайд хамгийн үндсэн шинж чанартай энэ хууль ерөөсөө батлагдахгүй явсаар өдий хүрсэн. Өмчийн асуудлыг Иргэний хуулиар зохицуулдаг гэсэн ойлголттой байдаг. Өмчийн эрх гэдэг бол хүний амьтай адилхан нандин зүйл гэж ойлгох хэрэгтэй. Бид хүний амийг цаазлах заалтыг эрүүгийн хуулиасаа авч хаяхаар явж байгаа. Энэ бол олон улсын зам. Өмчийн эрх, өмчийг хүндэтгэх, ялангуяа хувийн өмчийг хүндэтгэх гэдэг нь ийм түвшинд яригддаг зүйл. Хэвлэлийнхнийг сонсож байхад жишээлбэл, гэмт хэргийн хууль дээр өмчтэй холбоотой “хураана”, “авна” гэсэн заалт олон байна гэсэн. Би үүнийг аль болохоор хасуулахын тулд ажиллана. Манай бизнесийнхэн ч гэсэн тэгэх хэрэгтэй.
Дахиад л бизнес рүү, өмч хөрөнгөтэй улс руу дайрдаг байж болохгүй
Тодорхой гэмт хэрэгтнүүд, төрийн албан тушаалтантай, авлигалтай холбогдсон, төрийн мөнгийг буруу зарцуулж байгаа нөхдүүдийнхөө хойноос хөөцөлдөх, өөр шинээр гарч ирж буй гэмт хэргийн асуудал дээр анхаарна уу гэхээс биш дахиад л нөгөө бизнес рүү, өмч хөрөнгөтэй улс руу дайрдаг байж болохгүй. Манай өмнөх хуулиудыг төрөөс бусад нь буруутай гэсэн ийм ойлголтоор хийж байсан. Манай иргэн бүхэн гэмт хэрэг үйлдэх боломжтой нөхдүүд гэж. Одоо бид иргэнийхээ эрхийг хамгаалах үүднээс хуулийг боловсруулж байгаа. Түүн дотроо хамгийн чухал нь өмчийн эрх. Өмч хөрөнгөтэй байх эрх гэдэг бол асар чухал. Ийм учраас манай хууль гаргаж байгаа улсууд, хууль батлах гэж байгаа хүмүүс үүн дээр онцгой анхаарах ёстой гэж бодож байна. Хэвлэлийнхний хэлж буй дүгнэлтэд би баярлаж байна. Манай хэвлэл мэдээллийнхэн “Цаашдаа бид зай талбай, цаг хугацаагаа популистуудад биш баялаг бүтээгчдэд ашиглуулъя” гэж байсан.
Хэвлэл мэдээллийнхэнд нэг дутагдал байна. Олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн яг өнөөгийн түвшинд нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэх, тэр оюун санааг төлөвшүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй. Үүн рүүгээ анхаарч баялаг бүтээгчдээ, тэдний үйл ажиллагааг дэмжээд сурталчлаад явбал сайн сан. Хэвлэл мэдээллийнхнийг харахад төрийн ордон руу орох гэсэн хандлага их байна. Уг нь ордноос гадна нийгмийн амьдралын 90 хувь нь өрнөж байгаа. Хэвлэл мэдээллээр гарч байгаа зүйлийн 50 хувь нь улс төр, 50 нь ач холбогдол багатай аар саар зүйл байна.
Эрдэмтэн судлаачид ч гэсэн өмчийн эрхийг хамгаалах тухай асуудлуудаар ярьж байна. Магадгүй арван хэдэн жилийн өмнө үүнийг ярихад “Иргэний хуулиар зохицуулна” гэх байсан байх. Өнөөдөр бүх салбар хуралдаан дээр энэ асуудал яригдсан нь их сайн хэрэг. Цаашид нэмж гаргах хуулиудын тухай сая ярьж байсан. Олон хуулийг бид авч үзэх болно. Төрийн ажил үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлэх хуулийнхаа асуудлыг шийдээд, жагсаалтаа гаргаад явбал зүгээр юм.
Ухаалаг төр лүү шилжихэд бид мэдээж мэдээллийн технологи хэрэглэнэ
Би их сайн санаж байна. Над руу гурван хүн твитер, фейсбуукаар дамжуулаад “Улаанбаатарын гэр хорооллыг бид хамгийн бага зардлаар утасгүй интернеттэй болгоё. Монголын бүх сумыг ийм болгоё. Ийм боломж байна” гэж мэдэгдсэн байсан.
Бид ухаалаг төрийн энэ систем рүү шилжихийн тулд дэд бүтэц сайтай байх ёстой. Ухаалаг төрийн дэд бүтэц гээд заавал цахилгаан станц барих шаардлагагүй. Заавал засмал зам тавих шаардлагагүй. Интернетэд хүн бүхэн холбогдох боломжийг л олгох ёстой. Үүнийг манайхаас том газар нутагтай, манайхаас хөгжлийн хувьд асуудалтай улс орнууд шийдсэн байгаа.
Монголд мэдээлэл технологийн газар гэж байдаг. Үүнийг нэг бол татан буулгах, нэг бол удирдаж байгаа зохицуулах зөвлөлийн дарга ч билүү тэр нөхрийг хөөж явуулах хэрэгтэй. Лав л над дээр гэхэд эдний асуудлаар хоёр гурван удаа гомдол орж ирлээ. Энэ зүгээр л тарчлаан зовоогч газар байна. Үүнийг зөв зохион байгуулалтад оруулаач гэж. “Цахим Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байснаасаа хийж байгаа ажил нь шар өөр болчихсон байна.
Төсвөөр дамжуулж их том өөрчлөлт хийх боломж бидэнд байгаа шүү
Түрүүн Их Хурлын дарга хэллээ. Америкт төсөв хэлэлцэхэд байгууллагын нэр, ард нь төсөв нь байдаг. Ярьж байгаад тэр байгууллага ажиллахгүй бол зүгээр л төсвийг нь тэглээд тавьчихдаг юм. 100 тэрбум долларын төсөв гээд ороод ирэхэд нь түүн дээр тэг гэсэн тоо тавьчихаар маргааш нь тэр байгууллага татан буугддаг. Ингэж л зарим нэг шаардлагагүй төрийн байгууллагыг тараая л даа. Төсвөөр дамжуулж их том өөрчлөлт хийх боломж бидэнд байгаа шүү гэдэг нь харагдаж байна.
Орон нутгийн чиглэлээр, бизнесийн чиглэлээр, шийдвэр гаргагчидтай холбоотой асуудлуудаар салбар хуралдаан удирдсан хүмүүс нь тодорхой танилцуулга хийсэн. Бүгдээрээ анхаарч явъя. Энд хоёр асуудал байна. Ялангуяа шийдвэр гаргагчдын дунд гарч байгаа асуудлаар би тодорхой хариулах нь зөв байх. Жишээлбэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал манайд олон жил яригдаж байгаа. Манай улс төрчдөд хамгийн сайн нэг арга байдаг юм. Асуудлыг унагаах. Бид хаврын тухай ярьж байна. Тэгтэл намрын тухай ярья. Намар бол хавраасаа аюултай гээд эхэлдэг. Энэ бол ажлыг унагах арга. Өөр юу ч биш.
Шийдвэрээ гарга, хянадаг газар нь хянаг, асуудлаас зугтах хэрэггүй
Зарим хүн “Өө энэ Үндсэн хуультай холбоотой юм байна” гэдэг. Тэгсэн ч гэсэн хэлэлцээд хуулиа батлаад үз л дээ. Үндсэн хуулийг хянадаг Цэц байна. Яах гэж түүнийг байгуулсан юм. Тэр Цэц нь хүчингүй болговол “Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хийдэг юм байна. Үндсэн хуультай нийцээгүй юм байна. Үндсэн хуулиас давж шийдсэн байна” гэж ойлгоно биз. Үүнд улс төржиж цээжний пангаараа асуудлаас зугтахын тулд Үндсэн хууль руу оръё гэх хэрэггүй. Та бүхэн харж байгаа биз дээ, шийдвэр гаргагчид гээд 180-аад нөхөр энд цугласан. Тэдний ихэнх нь Үндсэн хуулиа өөрчилье гэсэн байна. Өнөөдрийн ярьж байгаа асуудлаас анхаарлыг өөр зүйлд хандуулах цорын ганц арга бол энэ л байгаа.
УИХ-ын гишүүн, сайдтайгаа хариуцлага тооцдог механизм оруулаад ирье гэхэд Үндсэн хуультай ямар хамаатай юм. Саяын УИХ дээр тавьсан арван хэдэн асуудалд Үндсэн хуультай хамаагүй олон асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр шийдвэрээ гарга, хянадаг газар нь хянаг.
Би бас нэг юм хэлье. УИХ-ын дарга ч мэдэж байгаа. УИХ-ынхан бүгдээрээ мэднэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулаад жил гаруй ажиллаж байна. Тэр ажлын хэсэг дээрээ л ажилла л даа, та нар. Тэгээд оруулах гээд үз. Хөөрхий Б.Чимид гуай амьд сэрүүн байхдаа өөрөө санаачилж гүйж байгаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой хууль батлуулсан шүү дээ. Тэр хуулийг эхэлж унших хэрэгтэй. Манайхан хуулиа ч уншаагүй явж байгаа.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэвэл ийм ийм шатаар, ингэж ингэж асуудал явна гээд хуульчилчихсан байгаа. Эхлээд тэр хуулиа хар л даа. Ажлын хэсэг бэлэн байгаа. Үнэхээр оруулмаар байгаа бол тэр ажлын хэсэг оруулаад яв л даа. Хэн тэрийг бариад байгаа юм. Хамгийн гол нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав нь батлах ёстой. 76-гийн дөрөвний гурав гээд бодоод үзээрэй. 59 байдаг бил үү дээ.
Үндсэн хуульд орсон долоон өөрчлөлтөө эхлээд шийд, тэгээд цааш явъя л даа
Манайхан Монголын асуудал ярих гэхээр дэлхийн асуудал ярья гэдэг. Дэлхийн асуудлыг ярья гэвэл “Марс дээр юм болохоо больж байна. Сарны асуудал орж ирлээ” гээд явдаг. Үүнийгээ больё. Гал тогооныхоо, гэртээ тарьсан хогныхоо асуудлыг ярья гэж байна шүү дээ.
Миний байр суурь маш тодорхой. Энэ нь, тэр нь дэмжихгүй болов уу, тийм хор гүйчих болов уу энэ тэр гээд суугаад байх бодол алга. Ажлын хэсэг өөрчлөлтөө хийх бол хийгээд л яваг. Миний нэг харж байгаа юм бол Үндсэн хуульд орсон долоон өөрчлөлттэй холбоотой асуудлыг эргэж авч үзэж болно. Эхлээд тэр асуудлаа шийдье. Энд нэг тийм маргаан яваад байгаа юм. Зарим нь тэр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт буруу болсон, дордуулсан гэж ярьдаг. Зарим нь хэрэгтэй гэдэг. Зарим нь шаардлагагүй юм бий гэдэг. Эхлээд тэрийгээ шүүж үзье. Тэгээд цаашаа явъя л даа. Би энэ замыг сонгоход бэлэн байна.
Бүх юм ярилцаж, хэлэлцэж байж явна. Үнэхээр ярилцаад, хэлэлцээд, бүгдийнх нь санаа оноо нэгдээд эхлэх юм бол энэ асуудлыг ярихад бэлэн. Гэхдээ нэг том асуудал ярьчихаад бусад асуудлаа мартаж болохгүй. Энэ бол ажил мартуулах арга шүү. Тийм учраас би та бүхний яриад байгаа яаралтай шийдэх шаардлагатай ажлуудыг цааш нь түлхэж явна гэдгийг хэлье.
Ухаалаг төр лүү шилжих үзэл баримтлалыг дэмжиж буйд баяртай байна
Бүх салбар хуралдаанд оролцсон хүмүүс ухаалаг төр лүү шилжих өнөөдрийн танилцуулж байгаа, бидний олон жил ярьсан үзэл баримтлалыг бүгд дэмжиж байгаад туйлын баяртай байна.
Энэ хуралд нэлээд бэлтгэж, таван салбараар хүмүүсээ уриад, нэрийн жагсаалтыг нь гаргасан. Бүх жагсаалт Тамгын газар дээр байж байгаа. Тэгэхээр би өнөөдөр энд цугласан, ярьсан улсуудаас бүрдсэн Монголын хөгжлийн клуб гэдэг ийм сайн дурын байгууллага байгуулагдлаа гэж бодож байна. Үүнийг заавал Хууль зүйн яаманд бүртгүүлэх шаардлагагүй, заавал тамга тэмдэгтэй, мөнгө төгрөгтэй, ерөнхийлөгчтэй байх шаардлага байхгүй гэж бодож байна. Хэрэв таныг урьсан бол та хүрээд ир. Уриагүй бол та өөрийгөө хасагдсанд тооц. Чиглэлийн хурал хийгээд ирээч гэхэд нэг, хоёр удаа ирээгүй бол таныг урихаа байчихна. Тэртэй тэргүй танаас гадна бас хөгжлийн асуудалд санаа зовж байгаа, биднийг хараад сууж байгаа маш олон хүн бий.
Үнэхээр “Хөгжлийн асуудалд миний хэлэх үг байна, миний хувь нэмэр байна. Намайг сонсооч ээ” гэсэн хүмүүст энэ үүд хаалга нээлттэй байна. Хасагдах нь хасагдаад л, нэмэгдэх нь нэмэгдээд л 500-600 хүн дунд асуудлаа ярьдаг, хуваагаад үзэхэд ойролцоогоор зуу зуугаар таван клуб болоод зохион байгуулагдчихдаг байж болно.
Манай хэвлэлийнхэн дээр зохиолчид гээд оюун санааны уран бүтээлчид нэмэгдэж болно. Судлаачид, эрдэмтэд, бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчид гээд тусдаа хүмүүс байж байгаа. Ингээд үндэсний ерөнхий зөвшилцлийг хийж болох ийм нэг бүрэлдэхүүн энд бүрдсэн. Ийм бүтэц бий боллоо гэж бод. Ийм учраас чиглэл чиглэлээрээ юм уу, заавал телевиз, радиогоор шууд дамжуулсан байдлаар биш цуглаад хэдүүлээ ярилцаж байя.
Байгууллага, сум, аймаг бүхэнд энэ асуудлыг ярих хэрэгтэй
Салбар хуралдааны гол зорилго бол саналаа чөлөөтэй солилцоход байсан. Үүний араас дагаж хийх ажил байгаа. УИХ дээр тогтоол гаргая гэж байна. Шаардлагатай бол түүнийг хийе. Эхний ээлжинд бидний зүгээс сая яригдсан зүйлүүдийг хийхэд дөхөм болгож миний танилцуулсан үзэл баримтлалд ярьсан зүйлүүдийг товхимол болгоод та бүхний гар дээр тавьсан байгаа. Үүнийг нэмж хэвлээд номын дэлгүүрүүдэд өгчихье. Сонирхсон хүн бүхэн аваг. Байгууллага, сум, аймаг бүхэнд энэ асуудлыг ярих хэрэгтэй болж байна. Тиймээс үүнийг номын сүлжээгээр үнэ хөлсийг нь шийдээд тараая. Салбар хуралдаануудаас гарсан саналуудыг дээр нь нэмээд явуулъя.
Ерөнхийлөгчийн манлайлал чухал гэж үзэж байгаа
Энэ үйл ажиллагааг нэг том хөдөлгөөн болгоод, тодорхой ажлуудыг эрэмбэлж байгаад хийж болох болов уу гэж бодож байгаа. Бидний ажлыг 100 хувь гэж харах юм бол түүнийг гурав хувааж болно. Нэгдүгээрт улс төрийн зөвшил, ярилцлага, хэлцлийг заавал хийнэ. Үүн дээр ойлголцож цаашаа явах хэрэгтэй. Энэ бол хамгийн эхний ажил. Хоёр дахь ажил бол манлайлал. Би ч өмнө нь хэлж байсан. Үнэхээр янз бүрийн сонирхол нь бага, дараа нь хэдэн оны хэдэн сард ажлаа өгөх нь маш тодорхой болчихсон нэг хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч би өөрөө. Надад нэг л сонирхол байгаа. Монголын ард түмний хөгжилд тус болох зүйлийг энэ хугацаанд хийх юмсан. Ард түмнийхээ хийе гэсэн сайн санаа бодлыг дэмжих юмсан. Дээрээс нь эвлэрэл зөвшилцлийг бий болгох юмсан. Тэгээд үүнийг чирч явах юмсан гэсэн ийм л бодол байна. Энэ дээр Ерөнхийлөгчийн манлайлал чухал гэж би үзэж байгаа.Тийм учраас хүн шаардсан ч, шаардаагүй ч би энэ ажлыг хийхийн төлөө явна.
УИХ-д өргөн барихад хэцүү, Засгийн газарт оруулаад шийдэхэд хэцүү асуудал байгаа бол би энэ ачааг үүрэхэд бэлэн
Тэгэхээр иргэд, орон нутаг, бизнесийн болон бусад чиглэлээр энэ ажлыг явуулахад та бүхэн ямар хувь нэмэр оруулах вэ гэдгийгээ л газар бүрээ яриад дэмжиж өгөөч гэж та бүхэнд хэлье.
Энд бас нэг зүйл хэлье. Саяын 10 хуульд зөвхөн үндсэн санаа нь байгаа. Тэр үндсэн санаан дотроос өөрчилж, бас нэмж болно. Одоо бүгдээрээ хуулийн төсөл бичих дээрээ ажиллаж болно. Манай их сургуулийнхан өөрсдөө баг болоод ажилла. Программ хангамжийн компаниуд бидэнд ийм хууль хэрэгтэй байна гээд ажиллаад, төслийг нь гаргаад гишүүд рүү өг. Шаардлагатай бол бидэнд өг л дөө. УИХ-д өргөн барихад хэцүү, Засгийн газарт оруулаад шийдэхэд хэцүү асуудал гараад байгаа бол Ерөнхийлөгчийн хувьд би энэ ачааг үүрэхэд бэлэн байна.
Үлгэрчилсэн хууль хүртэл вебсайтуудад байгаа. Тэрнийг аваад монголчлоод, Монголынхоо нөхцөлд оруулаад ир. Бид 20 гаруй жил нэг зүйлийг л харлаа. Бүгдийг нь сонсоод байхад их зөв зүйтэй зүйл яриад байгаа. Хамгийн хэцүү зүйл бол энэ ярьж буй зүйлээ ажил болгох юм. Яриад л байдаг, ерөөсөө цаасан дээр буудаггүй. Та нар шүүмжилж байхаар шийдлийг нь оруулж ир. Би бол зөвхөн өөрөө үлгэрлэж харуулж байгаа юм. Наад зах нь үндсэн санаа, концепцийг нь аваад үз. Тэгээд тэр хуулийг ямар стандартад нийцсэн байх ёстой юм тэр хэмжээнд нь боловсруулаад оруулаад ир. Тэгвэл өргөн барих, хэлэлцүүлэх бүтэц нь Монголын төрд байна шүү дээ.
Зүгээр шүүмжлэхийн тулд шүүмжилдэг, хоосон ярьдаг, тэгээд юм хийдэггүй ийм байдал руу Монгол Улс тэр чигтээ, ард иргэд маань яваад байна шүү дээ. Ийм учраас яг энэ асуудлын шийдэл гээд аваад ороод ир. Энэ бол та бүхнээс шалтгаална. Иргэд энэ шийдвэр гаргагчдыг шахахгүй бол тэд санаа амраад л сууна. Харин маргааш нь маш их ажилтай учраас өөр асуудал руу, өөр хурал руу анхаараад л яваад өгнө. Ер нь сайхан завтай улстөрч гэж байдаггүй юм. Дандаа өөртөө ажил бий болгож явдаг учраас үргэлж л завгүй хүмүүс байдаг. Ажлынх нь дундуур хэрэгтэй зүйлийг нь оруулж өгөөрэй.
Эдийн засгийн өсөлтийг хангах гол гол шийдвэрүүдээ эхэлж гаргая
Тодорхой шийдлүүд гаргах гээд явахгүй бол ёстой эргэж улс төрийнхөө системийг халахад хүрэх биз. Гэхдээ ийм том зүйл хэлээд яах вэ. Эдийн засгийн өсөлтийг хангахтай холбоотой гол гол шийдвэрүүдээ эхэлж гаргая. Өөр зүйлийг биш, эдийн засгийн өсөлт, улсын хөгжилтэй холбоотой зүйлийг анхааръя. Тэгээд дээр нь төрөө засахтай холбоотой ажил байна. Эдгээр асуудлыг шийдэхэд ойрын 2,3 жилд хангалттай ажил байна.
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг салгая гэж би хуулийн төсөл өргөн барьсан. Шийдвэр гаргагчдын дунд Засгийн газрын гишүүдээс бусад УИХ-ын гишүүд бүгдээрээ нэг зүйл дээр санал нэгдэх дөхөж яваа. Энэ хуулийг гаргая, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдье гэж. Энэ нь ажил хийхгүй гэсэн үг байхгүй юу. Би энэ хуульд нэг хугацаа тавьж өгсөн, 2016 оны долдугаар сарын 1-нээс эхэлж мөрдье гэж. Ирэх сонгуулийн дараа гэсэн үг. Одоо энэ УИХ-аар хийх ажлаа л хийе. Хууль эрх зүйн үндэс өөрчлөгдсөн учраас Засгийн газраа өөрчлөхөөс аргагүй боллоо хэмээн матрын нулимс унагаагаад сууна. Нөгөө улс төрчид нь сандал суудлаа булаацалдаад бөөн юм болно. Үүн рүү анхаарсаар байтал зургаан сар алдана, тэгээд нэг жил алдана. Манайхан ерөөсөө ийм шүү дээ. Бүтцээ өөрчлөх гээд одоо л нэг юм дуусч байна шүү дээ. Зарим яамдын шүүх хурлын холбоотой маргаан хүртэл дуусаагүй байна. Нэг хүн халчихсан, тэр нь улс үндэсний асуудал болчихсон. Ийм нэг хачин юмаа болих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг бүрмөсөн хоригловол би бүрэн дэмжинэ
Миний байр суурь маш тодорхой. Хэрэв УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг бүрмөсөн хоригловол би бүрэн дэмжинэ. Энэ бол миний санаачилсан хууль. Энэ хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс өмнө оруулж ирвэл би хориг тавина. Зөвхөн цаг хугацааны хувьд шүү дээ.
Харин энэ УИХ зарим хариуцлагагүй сайд нартайгаа хариуцлага тооцох ёстой. Хэн ингүүлэхгүй гээд гарыг нь бариад байгаа юм бэ? Бид засаг барьж байна ч гэдэг юм уу, Үндсэн хуульд том өөрчлөлт оруулна гэж дээгүүр сэвж өөрсдийн хийх ёстой үндсэн тулгамдаж буй асуудлаасаа зугтах хэрэггүй. Хийх ажлаа л мэдэх хэрэгтэй. Тэгээд эрэмбийг нь гаргаад шийдвэрийнхээ төслийг боловсруулаад явъя. Би та бүхэнд үүнийг л хэлье. Би энэ хоёр төөрөгдөл гэдэг юм уу асуудал дээр байр сууриа маш тодорхой хэлэх гэсэн юм.
Ингээд өнөөдрийн “Том төрөөс ухаалаг төр лүү” хэлэлцүүлэг өндөрлөж байна. Засаг төр, хариуцлагатай холбоотой асуудлууд байж байх ёстой. Агентлагууд муу ажиллаж буй хүмүүстэй тооцох хариуцлагын асуудал нээлттэй шүү гэж би хэлээд байгаа. Иймээс тэднийг хамгаалаад суух хүн байгаа гэсэн ойлголт битгий аваасай гэж хүсч байна. Энэ хэлэлцүүлэг газар бүхэн өрнөж, тодорхой шийдлүүд гараасай гэж хүсч байна. Дараа дахин уулзахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, энэ зөвлөлгөөний үйл ажиллагааг хаасныг албан ёсоор мэдэгдэж байна.