logo
Сурч боловсрохоор хичээснийхээ төлөө шоронд хоригдох уу?

Сурч боловсрохоор хичээснийхээ төлөө шоронд хоригдох уу?

2013/11/19
Испанид мэргэжлийн төгөлдөр хуурч эмэгтэй шүүхэд дуудагджээ. Учир нь түүнийг  үргэлж чимээ гаргадаг байсан хэмээн хуучин хөрш нь шүүхэд зарга мэдүүлсэн байна. Испанийн прокурорууд хөгжимчин Лаиа Мартинд 20 сарын хорих ял төлөвлөөд байгаагийн зэрэгцээ төгөлдөр хуур тоглохыг нь зургаан сарын турш хориглох саналтай байгаа ажээ. Доод давхарт нь амьдардаг байсан Сониа Босом өөрийг нь сэтгэл зүйн дарамтанд оруулсан хэмээн Мартиныг буруутгасан бөгөөд одоо түүний хэргийг шүүж байна. Шүүхийн шийдвэр хоёр долоо хоногийн дараа гарч магадгүй гэнэ. Мартины эцэг эхийг ч мөн шүүхэд өгсөн агаад тэд буруутай нь тогтоогдвол торгууль төлөх юм байна.

Босомын мэдүүлснээр Мартин оюутан байхдаа буюу 2003-2007 онд долоо хоногийн 5 өдөр, өдөрт 8 цагийн турш төгөлдөр хуураар хичээллэдэг байжээ. "Хохирогч" одоо төгөлдөр хуураас айдаг, бүр кинон дээр энэ хөгжмийн зэвсэг гарвал тэсч чаддаггүй хэмээн мэдүүлсэн байна. "Associated Press" агентлагаас мэдээлснээр Босомын өмгөөлөгч "Тэр 4 жилийн турш зовж шаналсан" гэж мэдэгджээ. Харин Мартины эцэг эх нь "Түүний өрөөг дуу тусгаарлагчтай болгосон, тэр Босомын хэлж байгаа шиг өдөр өнжилгүй төгөлдөр хуур тоглодоггүй байсан" гэж мэдүүлсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш