Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын /МХБНУ/ Ерөнхийлөгч Тейн Сейн Ерөнхийлөгчийн ордны өмнө албан ёсоор угтлаа. Арга хэмжээний үеэр Монголын талаас Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас МХБНУ-д хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс байлцав.
МХБНУ-ын талаас Генерал, МХБНУ-ын Батлан хамгаалахын сайд Уай Луин, МХБНУ-ын Гадаад хэргийн сайд Уунна Маунг Луин болон албаны бусад хүмүүс байлцлаа. Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-ын Ерөнхийлөгчийн ордны хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж МХБНУ-ын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй ганцаарчилсан уулзалт хийв. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МХБНУ-ын Ерөнхийлөгчид хандан халуун дотноор угтан авсанд талархал илэрхийлээд хоёр орны харилцааг цаашид эрчимжүүлэх тал дээр анхаарлаа хандуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ дурдлаа.
МХБНУ-ын Ерөнхийлөгч Тейн Сейн хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Та манай улсад айлчлан ирсэнд гүнээ талархаж байна. Монгол-Мьянмарын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа төрийн тэргүүний хэмжээнд айлчлал хийж байна. Энэ айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлж, шинэ шатанд гаргахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа нийгэм, эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, газар тариалан, соёл урлагийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэхүү айлчлал томоохон түлхэц болно гэж найдаж байна” хэмээв.