logo
Элчин сайд Н.Тулга Белфаст хотод ажиллав.

Элчин сайд Н.Тулга Белфаст хотод ажиллав.

2013/11/19

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга 11 дүгээр сарын 18-ны өдөр Умард Ирландын Белфаст хотод ажиллав. Эл өдөр Элчин сайд Умард Ирландын Төлөөлөгчдийн хурал (Парламент)-ын ордонд зочилж Төлөөлөгчдийн хурлын дарга Уильям Хэй-тэй уулзав.

Уулзалтаар Элчин сайд Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, уул уурхайн салбарын эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй нөлөөлөл цаашдын хандлага, гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй хууль эрх зүйн болон бусад шинэчлэлийн бодлогын талаар танилцуулав.

Умард Ирландын Төлөөлөгчдийн хурлын дарга Уильям Хэй Монгол, ИБУИНВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй жилийн хүрээнд Элчин сайдыг Белфаст хотод хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Умард Ирландын хөгжил, түүний дотор хөдөө аж ахуйн хөгжлийн талаар танилцуулж, эл салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдав.

Уулзалтын эцэст Элчин сайд Н.Тулга Умард Ирландын Төлөөлөгчдийн хурлын хүндэт дэвтэрт гарын үсэг зурав.

Мөн өдөр Элчин сайд Н.Тулга Монгол Улсаас Умард Ирландад суугаа Өргөмжит консул Р.Холмсын зохион байгуулсан “Монголын төрх” сэдэвт зургийн үзэсгэлэнг Умард Ирландын Төлөөлөгчдийн хурлын ордонд нээх ёслолын ажиллагаанд оролцож үг хэлэв.

Энэхүү үзэсгэлэн нь Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа, үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээр дамжуулж Монголын түүх, соёл, уламжлалын талаарх ойлголтыг Умард Ирландын иргэдэд сурталчилан таниулахад чухал ач холбогдолтой болохыг Элчин сайд хэлсэн үгэндээ онцлов.

Үзэсгэлэнгийн нээлтэд Умард Ирландын Төлөөлөгчдийн хурлын гишүүд, Умард Ирландын Засгийн газрын гишүүн Белл болон Умард Ирландад суугаа АНУ-ын Ерөнхий консул, Кипр, Фижи, Чех, Польш улсын Өргөмжит консулууд зэрэг 40 орчим төлөөлөгч оролцов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш