Парис хотноо ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 37 дугаар чуулган үргэлжилж байна. 11 дүгээр сарын 18-нд болсон тус чуулганы Хороодын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын санаачилсан «Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих» тухай тогтоол санал нэгтэй батлагдав.
Энэ удаагийн чуулганаар ЮНЕСКО-гоос 2014-2021 онд баримтлах Дунд хугацааны стратегийн баримт бичгийг хэлэлцэж байна. Тус байгууллагын ирэх 8 жилийн үйл ажиллагааны гол зорилго нь энх тайван, харилцан ойлголцол, тогтвортой хөгжлийг дэмжсэн боловсролын хөтөлбөр, үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм. Манай улс энэ зорилгын хүрээнд «Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих» тухай тогтоол оруулсан нь ач холбогдолтой санаачилга болсныг чуулганы төлөөлөгчид болон ЮНЕСКО-гийн албаны хүмүүс цохон тэмдэглэж байв.
Мөн уг тогтоол нь яг нэг жилийн өмнө Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар батлагдсан “Ардчиллын боловсрол”-ын тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг үйл ажиллагаанд ЮНЕСКО-гийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм.