logo
Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-ын парламентын Доод танхимын даргатай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-ын парламентын Доод танхимын даргатай уулзав

2013/11/20

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 19-нд МХБНУ-ын парламентын Доод танхимын дарга Түра Ү Шве Мэннтэй уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас МХБНУ-д хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Батлан хамгаалахын дэд сайд  А.Баттөр, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц,  нар байлцлаа.

МХБНУ-ын парламентын Доод танхимын дарга Түра Ү Шве Мэнн уулзалтын эхэнд хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Та манай улсад айлчлан парламентын ордонд зочилж байгаад бид баяртай байна. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Бидний хувьд олон намын тогтолцоотой танай улсын туршлагаас суралцаж, хамтран ажиллах хүсэлтэй байдаг” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улсын хувьд ардчилал, парламентын засаглалын хувьд хөгжингүй орнуудтай харьцуулахад төдийлөн хөгжиж бэхжээгүй ч оновчтой үлгэр дууриал болж чадна гэдэгт итгэлтэй байна. Үүний дагуу хоёр улсын парламент хоорондын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцан үр өгөөжтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна.

Монголд ардчиллыг хөгжүүлж, парламентын засаглалыг бий болгох мөчид биднийг олон улсын байгууллагууд, гадаадын орнууд дэмжиж байсан. Харин өнөөдөр бид үүний хариу болгож, ардчиллыг шинээр хөгжүүлж буй улс орнуудад өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Энэ санал санаачилгын дагуу бид Олон улсын хамтын ажиллагааны санг байгуулж, тодорхой улс орнуудыг ардчилсан нийгэмд хөл тавихад нь дэмжлэг үзүүлж буй юм.

Дипломат болон албан пасспорттой иргэдийг Монгол болон Мьянмар улсын хооронд зорчиход нь визний хөнгөлөлт үзүүлэх баримт бичгийг өчигдөр бид үзэглэсэн. Түүнчлэн хоёр орны ард иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх тал дээр бид онцгой анхааран ажиллах төлөвлөгөөтэй байна. Ялангуяа аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлснээр хоёр орны иргэдийн харилцаанд ахиц дэвшил гарах учиртай.

Бид 1990-ээд онд ардчилсан шилжилтийг нэг ч цонх хагалалгүй хийж, зах зээлийн тогтолцоонд улс орноо амжилттай шилжүүлсэн. Үүний гол нууц нь Монголын ард түмний нэгдмэл санаа, харилцан ойлголцол гэж би боддог. Бид иргэн бүрт адил тэгш боломж, эрх чөлөө олгож чадсан. Ардчилсан тогтолцоог бүрэн утгаар нь бэхжүүлж, хөгжүүлэхийн тулд бид олон өөрчлөлтийг хийж, олон шинэ зүйлийг нэвтрүүлсэн. Тэдгээрийн нэг нь сонгуулийн санал тоолох машин юм. Санал тоолох машиныг хэрэглэж эхэлснээр сонгуулийг шударга, ил тод явуулах боломж бүрдүүлж чадсан. Мьянмарын хувьд ирэх сонгуулийг урьдаас сайтар бэлтгэж, шударга ил тод болгохын тулд орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх боломжтой” гэв.

МХБНУ-ын парламентын Доод танхимын дарга Түра Ү Шве Мэнн хэлэхдээ “Манай хоёр орны хооронд хамтран ажиллах өргөн боломж бий. Хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх Таны саналыг дэмжиж байна. Манай улсад шүүхийн шинэчлэл, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Үүний дагуу бид Монголоос туршлага судлах хүсэлтэй байна. Мөн дотоодын тодорхой салбарын боловсон хүчнийг Монголд мэргэжил дээшлүүлж, оюутан солилцоог нэмэгдүүлэх нь чухал гэж үзэж байна” гэв.

Төрийн айлчлал үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш