logo
Хууль зөрчигсөд нь УИХ-д сууж, дагаж мөрдөгсөд нь...

Хууль зөрчигсөд нь УИХ-д сууж, дагаж мөрдөгсөд нь...

2013/11/20
Энэ удаагийн парламентад гишүүн болох гэж хамаг аргаа хэрэглэсэн хүмүүс байхад суудлаасаа буух сонирхолтой нь ч байна. Өнгөрсөн долоо хоногийн турш Р.Амаржаргал яагаад УИХ-ын гишүүнээсээ татгалзахыг хүсэв гэдэг шалтгаан хэвлэлийнхний анхаарлыг татсан гол сэдэв байсан. Тэгвэл мөнгө тарааж, хууль зөрчин байж парламентын гишүүн болохоор улайран тэмцэж байгаа Увсын хоёр гишүүний асуудал ч мөн олны анхаарлыг татав. Яагаад гэвэл удтал чимээгүй байсан Сонгуулийн ерөнхий хорооноос нэг юм дуулдаж магадгүй болоод ирсэн юм. Бүх шатны шүүхээр шийдвэр гаргасан учир СЕХ ээдрээтэй асуудалд цэг тавих ёстой. Өнгөрсөн долоо хоногийн дундуур хуралдаж, хоёр гишүүний мандатыг хүчингүй болгосон байж магадгүй гэх мэдээлэл ч тархав. Өдий болтол таг чиг байхыг бодвол СЕХ-ноос хараахан шийдвэр гаргаагүй бололтой.
Гэхдээ энэ асуудал сөхөгдөх болсон бас нэг шалтгаан байна. Увс аймагт нэр дэвшин өрсөлдсөн АН-ын хоёр гишүүнээс гадна АН-ын генсек Ц.Оюундарь СЕХ-нд хандаад буй. Өчигдөр л гэхэд Увс аймгийн АН-ынхан сонгуулийн төв байгууллагад шаард­лага хүр­гүүлжээ. Тэдний шаардлагад “2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас нэр дэв­шигч Ч.Хүрэлбаатар, Б.Чой­жилсүрэн нар нь УИХ-ын сонгуулийн хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, иргэдэд бэлэн мөнгө тараасныг гурван шатны шүүхийн шийдвэрүүд нотолж, гүйцэтгэлийн ажиллагаа нь хийгдсэн.

Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулиар УИХ-ын гишүүний мандат нь хэдийнэ хүчингүй болсон байх ёстой хүмүүс одоог хүртэл УИХ-д суусаар байгааг Увс аймгийн АН-ын хорооны гишүүд эсэргүүцэж байна. Хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд СЕХ онцгой анхаарч ажиллах үүрэгтэй. Дээрх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох нь сонгуулийн үед дахин ийм зөрчил гаргахгүй байх нөхцөлийг Монголын ард түмэнд нотлон харуулсан үйлдэл болно” гэжээ.

Жил тойрон яригдаж буй уг асуудлаас болж нутгийн иргэд ч багагүй бухимдалтай байгаа бололтой. Тухайлбал, “Сонгуулийн хуулиа мөрдөх л ёстой. Хууль мөнгөтэй хүмүүст үйлчилдэггүй, мөнгөгүйд нь үйлчилж байна. Мөнгө тарааж төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн бол эгүүлэн татна гэж хуульд байгаа. Хуулийг хэрэгжүүлдэг болохыг ард түмэн хүсч байна. Бүх шатны шүүхийн шийдвэр гарчихлаа. СЕХ буруу гаргасан шийдвэрээ буцааж өөрчлөх ёстой. Сонгогдоод түр үнэмлэх авсаны дараа шүүхийн шийдвэр гарвал Сонгуулийн хорооны шийдвэр хүчингүй болно гэж Сонгуулийн хуульд байгаа. Тариалан сумын 13 хүн мөнгө тараасныг нь илчилсэний төлөө хүн гүтгэсэн мэт байдалд орчихлоо. УИХ-ын гишүүн нь өөрөө баталсан хуулиа мөрддөггүй байж болохгүй. Энэ байдал даамжирч, цаашдаа сонгуулиар санал авдаг жишиг тогтоож болохгүй” гэж тэднийг шүүмжилсээр...

Иргэд хуулиа мэдэж, дагаж мөрдөх талаар ярьж байхад хууль тогтоох дээд байгууллагад суугаа эрхэм гишүүд огт өөр бодолтой яваа нь хамгийн эмгэнэлтэй биш гэж үү. 2008 оны сонгуулиар мөнгө тарааж буй нь бичлэгээр баталгаажсан байтал Б.Чойжилсүрэнд ямар ч хариуцлага тооцоогүй. Харин дөрвөн жилийн дараа дахиад л мөнгө тараасныг нь нотолсон иргэд байсаар атал ямар ч хариуцлага тооцохгүй байсаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь тал хугацаа өнгөрөх нь ээ.

Сонгуулийн хуульд ши­нээр оруулсан өөрчлөлт Увс аймагт мөнгө тараасан Б.Чойжилсүрэн гишүүний үйлдлээс улбаалсан ч байж болох талтайг хэл­дэг. Жишээлбэл, УИХ-ын сонгуулийн тухай ши­нэ хуулийн 35.18.1-д “Сон­гогч­дын саналыг татах зорил­гоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгохыг хориглоно” гэж оруулсан.  Гэсэн ч 2012 оны сонгуулиар дахиад л мөнгө тараалаа. Уг нь хуулийн дээрх заалтыг зөрчвөл ийм хариуцлага тооцно гэж тов тодорхой заасан байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.34-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасныг зөрчиж сонгогчид мөнгө, эд зүйл тараасан нь тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, УИХ-ын гишүүний түр үнэмлэх авсанаас хойш тогтоогдвол тухайн УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон этгээдийн УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хэрэв тухайн этгээд нь тойргийн хороонд бүртгүүлсэн бол тойргийн хороо нь, хэрэв тухайн этгээд нь СЕХ-нд бүртгүүлсэн бол СЕХ тус тус хүчингүй болгоно” гэж бий.

Мөнгө тараасан нь тогтоогдсон л бол УИХ-ын гишүүн болох эрхгүй нь тодорхой гэсэн үг. Шүүхээс мөнгө тараасныг нь нотолж, үүнийг нь баримттайгаар баталгаажуулсан иргэдийг урамшуулан 13 сая төгрөг өгсөн. Энэ бол тэдний мөнгө тараасан нь үнэн, хууль зөрчсөн нь гарцаагүй гэдгийг нотлох баримт байлтай. Гэвч хууль зөрчдөг нь хууль тогтоох төрийн дээд байгууллагатаа суусаар. Хуулиа дагаж мөрдөн иргэний үүргээ биелүүлсэн Увс аймгийн ард түмэн эргээд гүтгэгчид болох гээд байгааг юу ч гэхэв дээ.

УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ч гэсэн хоёр гишүүнээ өмгөөлж, СЕХ шийдэх эрхгүй гэдгээ хэлсээр л. Монгол Улсад хууль үйлчилдэг эсэхийг Увсын тойргийн маргааныг хэрхэн шийдэхээс харж болохоор байна. Чухам асуудал аль талдаа гарах вэ гэдгийг Увс аймгийн сонгогчид хэдий болтол хүлээх юм бол доо. 
 
Эх сурвалж: www.assa.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш