ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн урилгаар тус улсад айлчилж буй Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид 11 дүгээр сарын 20-ны өдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын депутат, Төрийн Дум дахь Монголын парламенттай харилцах бүлгийн зохицуулагч С.М.Мироновтой уулзлаа.
Уулзалтын үеэр талууд зөвхөн Парламент дахь найрамдлын бүлгүүдийн харилцаа төдийгүй хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцож, өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-ын суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл оролцов.
УИХ-ын дэд дарга Л.Цог тэргүүтэй төлөөлөгчид мөн өдөр Бүх Оросын мал үржлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд зочилж, тус хүрээлэнгийн захирал И.М. Дунин, дэд захирал А.С.Ерохин болон эрдэмтэд, судлаачидтай ярилцан лабораториудын үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, судалгаа, шинжилгээний ажлын зарим үр дүнтэй танилцлаа.
Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны, үүний дотор мал аж ахуй, малын үүлдэр угсааг сайжруулахтай холбоотой тодорхой асуудлаар ажил хэрэгч яриа өрнүүлж, санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.