logo
Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болно

Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болно

2013/11/22

Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачлагаар Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулга уулзалт 2013 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжил дэвшлийг урагшуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохиогдох гэж байна.

Чуулга уулзалтын хүрээнд ардчиллын боловсролын асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2012 онд санал нэгтэй баталсан 18 тоот (А/RES/67/18) тогтоолыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Түүнчлэн хамгийн сүүлд 1995 онд Бээжин хотноо болсон, 2015 онд дахин зохиогдохоор төлөвлөгдөж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн V их хурлын үйл явцыг сэргээхтэй холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэх юм.

                Чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон улсаас  төлөөлөгч хүрэлцэн ирж  оролцохоос гадна НҮБ, түүний салбар байгууллагууд, Азийн сан зэрэг боловсрол, эмэгтэйчүүдийн оролцоо, хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцоно.

Чуулга уулзалтын үндсэн ажиллагаа 11 дүгээр сарын 24-ний Ням гарагт Төрийн ордны “Б” танхимд зохиогдох бөгөөд хуралдаан “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг”, “Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын сүлжээг хөгжүүлэх нь: 2015 оны Дэлхийн эмэгтэйчүүдийн их хурлыг угтан хийх ажлууд” гэсэн хоёр сэдвээс бүрдэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш