Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Азийн зарим орнуудад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ нийслэл Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 21-нд хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, төрийн сайд Дао Вьет Чунг, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаонг Дүан Тхинь болон албаны бусад хүмүүс угтан авав. Угтах үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүллээ.