logo
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНСВУ-ын Ерөнхий сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгчид БНСВУ-ын Ерөнхий сайд бараалхав

2013/11/22

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Тан Зунг энэ сарын 21-нд бараалхав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Тан Зунг хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Таныг манай улсад төрийн айлчлалаар хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөгжлийн шинэ шатанд гаргана гэдэгт бат итгэлтэй байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр энэхүү айлчлалыг хийж буй танд баярлалаа. Манай оронд тавтай морилно уу” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Бид бүхнийг халуун дотноор угтан авсанд гүнээ талархаж байна. Манай хоёр орны харилцааны үндэс суурийг бидний өмнөх үеийнхэн тавьсан. Ахмад үеийн маань хөгжүүлж, бидэнд уламжилж үлдээсэн энэ сайхан харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх хариуцлагатай үүрэг бидэнд ногдсон. Үеийн үед сайнаар дурсагдаж ирсэн энэ сайхан харилцааг бид цаашид улам хөгжүүлж, олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг хичээх болно. Бид хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор дөрвөн баримт бичигт саяхан гарын үсэг зурлаа” хэмээв.

Уулзалтын үеэр хоёр талын харилцааг эрчимжүүлэхийн төлөө хийж буй ажлууд, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой салбар, нөөц боломжийн талаар ярилцав. Мөн Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын харилцааг хөгжүүлэх арга зам, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Дараа нь БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн зоог барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш