logo
Ливийн иргэний дайн дуусвал дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурна

Ливийн иргэний дайн дуусвал дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурна

2011/09/02
Хэрэв Каддафигийн дэглэм нуран унавал Ливи улсын газрын тос хэний мэдэлд шилжих вэ, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэнд нөлөөлх үү яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ливи улс дэлхийн нийт газрын тосны хэрэгцээний 2 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Засгийн газрын эсрэг хөдөлгөөн болон иргэний дайн дэгдэхээс өмнө Ливи улс өдөрт 1.6 сая баррель газрын тос үйлдвэрлэдэг байсан. Иргэний дайн эхэлсний дараа газрын тосны үйлдвэрлэл доголдож эхэлсэн билээ. Ливи улс нь 46.4 сая баррель боловсруулах газрын тосны нөөцтэй. Ливи улс Африк тивдээ нефтийн хамгийн их нөөцтэй орнуудын тоонд ордог. Боловсруулсан ихэнх газрын тосоо Европ руу экспортлодог. Ялангуяа Итали улс хамгийн том хэрэглэгч бөгөөд газрын тосныхоо хэрэгцээний 28 хувийг, Франц улс 15 хувийг Ливиэс авдаг. Ливийн дотоод байдал, мөргөлдөөн, хямралд НАТО яаран орсон цаад шалтгаан нь энэ. АНУ Ливиэс газрын тос импортолдоггүй учир Ливийн асуудалд тээгтлээ анхаарал тавиагүй. Гэсэн ч иргэний дайн дуусах юм бол Ливийн газрын тосны үйлдвэрлэл хэвийн ажиллагаанд орж, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 1 галлон буюу ойролцоогоор 4 литр тутамд 4-6 центээр буурна гэж газрын тос, эрчим хүчний шинжээчид үзэж байна. Гэхдээ иргэний дайны саруудад Ливийн газрын тосны үйлдвэрүүд, дамжуулах хоолойнууд хэр их сүйдэж гэмтсэнийг тогтооход бэрх байгаа. Засгийн эрхэнд ямар нам бүлэг гарч ирж, газрын тосны бодлогоо хэрхэн яаж, хааш нь чиглүүлэх зэрэг таахад бэрх байгаа юм. Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар Ливи улс хүчин чадлынхаа хэрээр хэвийн хэмжээнд газрын тос үйлдвэрлэж эхлэхэд 2-3 жил шаардагдах болжээ. Гэхдээ Европын орнууд эрчим хүчнийхээ аюулгүй байдлыг хангахын тулд Ливийн газрын тосны үйлдвэрлэл сэргэхэд туслах байх гэж шинжээчид үзэж байгаа юм.         Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш