Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан өрнүүлсэн жагсагчдыг хүч хэрэглэн цус асгаруулан дарж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж гадны улсуудын хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа ерөнхийлөгч Башар Асад Сирийн төв телевизэд ярилцлага өгчээ. Тэрээр, “Сирид болж байгаа нөхцөл байдал, аюулгүй тогтвортой байдал олны анхаарлыг татаж, хүнд хэцүү харагдаж байгаа байх. Гэхдээ бид асуудлыг зохицуулж чадна гэж бодож байгаа. Ахиц дэвшил ч гарсаар байгаа. Бид Үндсэн хуулийг өөрчилж, шинээр парламентын ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж байгаа. Гэхдээ яг хэдийд гэдгийг нь одоо хэлэх боломжгүй байна. Учир нь бид эхлээд аюулгүй байдлыг хангаж, тогтвортой байдлыг сахих хэрэгтэй байгаа. Гэхдээ болж байгаа үйл явдалд би тэгтлээ их санаа зовохгүй байгаа. Удахгүй парламентын сонгуулийн товыг зарлах байх. Дотоод хэрийн сайд болон дээд шүүхээс хүн томилж сонгууль зохион байгуулах комиссыг бүрдүүлсэн” гэсэн байна. Башар Асад өмнө нь улс төрийн реформ хийх иймэрхүү амлалт өгч байсан ч байдал дээрдээгүй. Гудамжинд ард түмний эсрэг харгислал явагдаж байхад төв телевизээр юу ч болоогүй юм шиг царайлж, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж ард иргэдийн анхаарлыг өөр зүгт хандуулах гэж зорьж байна гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм. Гэсэн ч нөхцөл байдал хүнд хэвээр байгаа юм байна. Ноён Башар Асад Сирийн төв телевизээр ярилцлага өгсний дараа эсэргүүцэгчид гудамжинд гарч жагссан байна. АНУ болон Европын холбоотнууд Башар Асадыг ард түмэндээ зайгаа тавьж өгөхийг ил тод мэдэгдсэн. НҮБ-ын байгууллагын тооцоолж байгаагаар Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан, эмх замбраагүй байдал эхэлснээс хойш 2000 гаруй хүн амиа алдаад байгаа юм байна.
Shuum.mn
Shuum.mn