Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Япон Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Масанори Нишигийн урилгаар 2013 оны 11 дүгээр сарын 25-28-ний өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр явах гэж байна.
Айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Япон Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Масанори Нишитэй албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Япон Улсын Батлан хамгаалахын сайд Итсунори Онодера болон Японы Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга генерал Ивасаки Шигэрү нартай уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар санал солилцох юм.
Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг зэрэг бүхий л салбарт өргөжин гүнзгийрч, харилцааны түвшин “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанаас “Стратегийн түншлэлийн харилцаа”-нд дэвшин хөгжиж байна. Үүний дотор ч батлан хмагаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хурдацтай тэлж байна.
2012 онд хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын “Харилцан ойлголцох санамж бичиг”-т гарын үсэг зурснаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд цэргийн инженер, цэргийн эмнэлэг, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.