logo
 Лоббид автсан гишүүд хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа нь ёс зүйгүй асуудал гэв

Лоббид автсан гишүүд хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа нь ёс зүйгүй асуудал гэв

2013/11/23
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн боловсруулаад байгаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаа юм. Гишүүдээс дэмжлэг авахаар гарын үсэг цуглуулаад байгаа О.Баасанхүү энэхүү хуулийн төсөлдөө хуулийн ач холбогдол, зорилгыг алдагдуулах олон заалт оруулсан нь лоббид автсан ёс зүйгүй асуудал хэмээн Тамхины хяналтын хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Л.Эрдэнэчимэг гишүүн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ “Тамхины хяналтын хууль нь анх 2005 онд батлагдсан бөгөөд 2012 онд нэмэлт өөрчлөлт ороод, 2013 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа. Энэ хуулийн үндсэн зорилго нь дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх, хүүхэд, залуучуудыг тамхинд орохоос хамгаалах явдал бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэгжих явцдаа дээрх үндсэн зорилгоо биелүүлж байгаа гэж бид үзэж байна. Учир нь хууль хэрэгжиж эхэлснээс хойш дотоод орчинд тамхи татахгүй болсоноор гэр бүлээрээ хоолны газар, ресторанд тамхигүй орчинд цагийг өнгөрүүлэх боломж бий болсон. Мөн ерөнхий боловсролын сургуулиас 500 метр зайд тамхин бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосноор ахлах ангийн сурагчид завсарлагаанаар тамхи татдаг байдал эрс багассаныг судалгаа харуулж байна.” хэмээн мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг хуулийн дараах заалтуудыг өөрчлөхөөр зорьж байгаа юм байна. Үүнд:

Хуулийн 3.1.11 дэх заалтыг “Тамхи татах зөвшөөрөгдсөн цэг” гэж утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэж өгсөн агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгаарласан тасалгааг хэлнэ” гэсэн байна. Гэтэл ДЭМБ-аас гаргасан Тамхины суурь конвенцид зааснаар “Агааржуулалтын тоног төхөөрөмж бүхий тусгай тасалгаа нь хаалга онгойх хаагдах үед гадагш тамхины утаа алдагдсаар байдаг бөгөөд хавь орчиндоо байгаа хүмүүс дам тамхидалтанд үргэлжлүүлэн өртсөөр байдаг тул тамхины хяналтын хуульдаа Дотоод орчинд тамхины цэг байгуулахыг хориглох ёстой” гэж заасан байдаг. Харин манай хуулиар тамхи татахыг хориглосон газруудыг зааж өгсөн нь бусад газар тамхи татах нь хориотой биш гэсэн утгатай. Тиймээс задгай газар тамхины цэг бий болгох нь нээлттэй гэж Л.Эрдэнэчимэг гишүүн үзэж байна. Өөрөөр хэлбэл, СӨХ болон албан байгууллагууд, бар, ресторан зэрэг олон нийтийн хоолны газрууд гадна талбайдаа үнсний сав бүхий хогийн сав байрлуулснаар тамхи татах цэгийг байгуулах эрх нь нээлттэй байгаа юм.

Дараагийн өөрчлөлт нь, Хуулийн 6.7.14 дэх заалтын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно гэсэн заалтыг 100 метр болгон өөрчлөхөөр тусгажээ. Сүүлийн таван жилийн судалгаанаас харахад, тамхинд анх орох үе нь 13, 14 наснаас эхэлж байгаа бөгөөд жил ирэх тусам энэ насны тамхидалт эрс ихэсч байгаа юм. Хүүхдүүд ихэвчлэн хичээлийн завсарлагаанаар бие биедээ тамхи татахыг зааж өгдөг, бага мөнгөөр хамгийн ойрын цэгээс ширхэгээр тамхи худалдан авдаг. Тиймээс хүүхдүүдийг тамхин бүтээгдэхүүнээс хол байлгах үүднээс 500 метрийн зайд тамхи борлуулахыг хориглосон гэдгийг Л.Эрдэнэчимэг гишүүн тайлбарлаж байлаа.

Хуулийн 8.4-т Тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан, нийгмийн хариуцлага нэрийн доор нийгмийн халамжийн байгууллагад санхүүгийн болон эд материалын хандив тусламж үзүүлэхийг хориглоно гэсний “нийгмийн хариуцлага нэрийн доор “ гэсэн өгүүлбэрийг хасах саналыг мөн оруулсан байна. Энэ заалтыг эсэргүүцэж байгаа үндэслэл нь дэлхий нийтээр тамхины үйлдвэрлэгчид хөгжиж буй орнуудын ядуу буурай иргэд, тэр дундаа хүүхэд залууст нийгмийн хариуцлагаа биелүүлэх нэрээр хандив тусламж өгдөг, тухайн тусламжийн цаана тамхины далд сурталчилгаа явагдаж байдаг тул Тамхины суурь конвенцид зааснаар тамхи үйлдвэрлэгчдийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хориглосон байдаг аж.

Мөн хуулийн 4.1.1 дэх заалтын “тамхины татварыг тамхины суурь конвенцид заасан түвшинд хүргэх замаар” гэсэн заалтыг хасахаар хуулийн төсөлд тусгажээ. Монгол улс нь хамгийн хямдхан тамхин бүтээгдэхүүнтэй улсын тоонд ордог бөгөөд дээрх ковенцид зааснаар жижиглэн худалдааны үнийн 60%тай тэнцэх хэмжээнд онцгой татвар тавих ёстой байдаг. Энэ заалтыг хассанаар тамхи нь хямд үнэтэй хэвээрээ байж, хүүхэд залуус тамхи худалдан авсаар байх болно гэсэн үг юм.

Хуулийн 6.7.15 “Баар, цэнгээний газар тамхи худалдах” гэсэн заалтыг хасах гэсэн байна. Баар, цэнгээний газар тамхи худалдаалснаар тамхи худалдан авсан иргэн хууль зөрчин тамхи татахыг өөгшүүлж байгаа явдал гэж үзэж байгаагаа Л.Эрдэнэчимэг гишүүн илэрхийлсэн.

Мэдээллийн төгсгөлд Л.Эрдэнэчимэг гишүүн “Тамхины хяналтын тухай хууль батлагдах явцад дээрх шаардлагуудыг УИХ-ын гишүүдээр дамжуулан тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс лоббидож байсан бөгөөд өнөөдрийг хүртэл энэ лобби үргэлжилсээр байна. Иймэрхүү лоббид автсан гишүүд хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа нь ёс зүйгүй асуудал” гэж үзэж байгаагаа хэллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш