Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Азийн зарим орнуудад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ нийслэл Ханой хот дахь Үндэсний баатруудын хөшөө болон Хо Ши Миний бунханд энэ сарын 22-нд цэцэг өргөв.
Ханой хот нь 1010 онд байгуулагдсан, долоон сая гаруй хүн амтай бөгөөд дэлхийн хамгийн өндөр өртөг зардалтай хотуудын тоонд багтдаг. Вьетнамын Засгийн газар гадаадын жуулчдыг татах, хотын түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах үүднээс Ханой хотын төвийн эртний түүхт 36 гудамжинд барилга бариулахыг хоригложээ.
Вьетнамын дайнд амь эрсэдсэн, нэр нь үл мэдэгдэх дайчдад зориулагдсан Үндэсний баатруудын хөшөөнд гадаадын төлөөлөгчид цэцэг өргөж, дараа нь Хо Ши Миний бунхныг зорьдог уламжлалтай.