logo
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Синь Хунг бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгчид БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Синь Хунг бараалхав

2013/11/24

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Үндэсний Ассамблейн дарга Нгуен Синь Хунг энэ сарын 22-нд бараалхлаа. Уулзалтын үеэр Үндэсний Ассамблейн дарга Нгуен Синь Хунг хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Та манай улсад айлчилж буйд баяртай байна. Таны айлчлал хоёр талын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж, харилцан амжилттай, үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байна. Манай Ерөнхийлөгчтэй өчигдөр хийсэн албан ёсны яриа хэлэлцээ, баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг бид өндрөөр үнэлж байна” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Биднийг элэгсэг дотноор угтан авч байгаа Вьетнамын ард түмэн, төр засгийн удирдлагад талархал илэрхийлье. Манай хоёр орны харилцааны үндэс суурийг бидний ахмад үеийнхэн тавьсан билээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ирэх онд тэмдэглэх бөгөөд энэ чухал үйл явдлын өмнөхөн бид төрийн айлчлал хийж байгаадаа ихэд ач холбогдол өгч, энэхүү айлчлалаар хоёр орны харилцааг улам бүр эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны харилцааг бэхжүүлэхийн тулд хууль тогтоох байгууллагуудын харилцааг бэхжүүлэх нь чухал. Үүний дагуу Үндэсний Ассамблейн дарга болон гишүүд манай улсад айлчлахыг бид хүсч байна. Манай хоёр орны бизнесийн төлөөлөл энэхүү айлчлалын хүрээнд уулзах болно. Хоёр орны харилцааг өргөжүүлэх томоохон төслүүд, боломжуудын талаар бид ярилцаж байгаа.

Манай хоёр орны ард түмэн түүхэн хүнд хэцүү цаг мөчид харилцан бие биенээ тусалж дэмжиж ирсэн билээ. Олон улсын тавцан, бүс нутгийн хэмжээнд бид нэгнээ дэмжсээр ирлээ. НҮБ, АПЕК зэрэг олон улсын байгууллагуудын түвшинд Вьетнам Улс биднийг үргэлж дэмждэгт бид талархдаг. Манай хоёр улсын парламентын хооронд парламентын бүлгүүд ажилладаг бөгөөд сүүлийн үед эдгээр бүлгүүдийн ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байна. Биднийг халуун дотноор хүлээн авсанд дахин талархая” гэв.

Үндэсний Ассамблейн дарга Нгуен Синь Хунг хэлэхдээ “Хоёр улсын харилцааны асуудлаар сайхан үг хэлсэнд баярлалаа. Манай хоёр орны хооронд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх олон салбар, нөөц боломж бий. Өндөр дээд хэмжээний хамтын ажиллагаанаас гадна орон нутгийн түвшинд харилцааг хөгжүүлэх боломж байна.

Хоёр орны хоорондын парламентын бүлгүүдийн харилцааг хөгжүүлэх тухай таны саналыг бүрэн дэмжиж байна. Энэ завшааныг ашиглаад Монгол Улсын Их хурлын даргад мэндчилгээ дамжуулж, Вьетнам Улсад айлчлахыг урьж байна. Ирэх 2015 онд болон Олон улсын парламентын дээд чуулганд Монголын УИХ-ын даргыг урьж байна. Бидний хийж байгаа чухал ажлуудын нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа явдал юм. Бид ард иргэдийнхээ эрх ашигт нийцүүлж ажиллах ёстой тул төр засаг, намынхаа үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлт хийхээр төлөвлөж байна” гэв.

Вьетнам нь эм тариа, вакцины үйлдвэрлэлээр дэлхийд өндөр байр суурь эзэлдэг бөгөөд энэ салбарт хамтран ажиллах саналыг Үндэсний Ассамблейн даргын зүгээс тавьлаа. Зарим саад бэрхшээлийн улмаас Монгол, Вьетнам нь төмөр замын сүлжээгээр худалдаагаа өргөжүүлэх боломжоо ашиглаж чадахгүй байгаа. Үүнийг даван туулж хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэйг БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Синь Хунг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш